Б.Болормаа: Давс, бодисыг өнгөрсөн жилээс 65 орчим хувиар ахиу нөөцлөх төлөвлөгөөтэй байна
Баянзүрх дүүргийн өвөлжилтийн бэлтгэл 90 хувьтай байгаа бөгөөд тус дүүрэгт хот нийтийн аж ахуйн 37 байгууллага 400 гаруй машин техник, тоног төхөөрөмжөөр зам талбайг цэвэрлэдэг байна.
Тухайлбал Гачуурт, Налайхын авто замын цэвэрлэгээ, үйлчилгээг “Энхийн өгийн нуур” ХХК хариуцдаг байна.
Өвөлжилтийн бэлтгэл ажлын талаар холбогдох албаныхан мэдээлэл өгөв.
Тус компанийн гүйцэтгэх захирал Б.Болормаа өвөлжилтийн бэлтгэлийн тухай “Манай компани Налайх, Гачуурт чиглэлийн авто замын 734 мянган ам метр зам талбайг цэвэрлэдэг. Нийт 21 автомашин, механизмын бэлэн байдлыг хангасан. Давс, бодисыг 85 хувьтай нөөцөлсөн бөгөөд өнгөрсөн жилээс 65 хувиар ахиу нөөцлөх төлөвлөгөөтэй байна.
Цас их орсон үед өндөржүүлсэн бэлэн байдалд бүрэн бүрэлдэхүүнээрээ ажилладаг учраас урьтаж бэлтгэл хангаж байгаа. Халтиргаатай үед төв замын зорчих хэсэгт урт болон богино эргэлтээр машин техникээр давс, бодисыг цацдаг. Мөн төв зам дагуух хог түүх, автобусны буудлуудын цэвэрлэгээ, хогийн сав суллах зэрэг ажлыг өдөр бүр тогтмол хийдэг” хэмээн ярилаа.
Дүүргийн Засаг дарга И.Баттөгс “Баянзүрх дүүрэгт хот нийтийн аж ахуйн 37 байгууллага 400 гаруй машин техник, тоног төхөөрөмжийг ашиглан зам талбайн цэвэрлэгээ, үйлчилгээг гүйцэтгэдэг.
Налайхын авто замаар Замын-Үүдээс ачаа ачсан том оврын машинууд зорчихдоо даац хэтрүүлдэг, хайрга, дайрга, бетон зуурмагийн бүтээгдэхүүнээ асгадаг. Ингэснээр зам талбайг бохирдуулж, цэвэрлэгээ үйлчилгээ эрхэлдэг аж ахуйн нэгжүүдэд бэрхшээл үүсгэдэг” гэв.
Тус дүүргийн өвөлжилтийн бэлтгэл ажилтай танилцсан Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва нийслэлийн хэмжээнд энэ өвөл авто болон явган хүний замд халтиргаа гулгаа үүсэхээс урьдчилан сэргийлэх, шаардлагатай давс, бодисын нөөцийг бүрэн хангах, хот нийтийн аж ахуйн ажилд хувийн хэвшил, дүүрэг, нийслэл бүх талдаа уялдаатай ажиллаж, цас орох сэрэмжлүүлэг мэдээллүүдээ цаг алдалгүй хүргэх хэрэгтэйг санууллаа гэж НЗДТГ-ын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
