АНУ, Германы гурван эрдэмтэн оптогенетикийн нээлтээрээ ангаах ухааны салбарын Нобелийн шагнал хүртэхээр болов

С.Мөнхцэцэг, ikon.mn
14 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Reuters агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

АНУ-ын эрдэмтэн Карл Дейссерөт болон Германы эрдэмтэд болох Петер Хегеманн, Георг Нагель нар тархин дахь мэдрэлийн эсүүдийг гэрлийн тусламжтайгаар удирдах боломжийг олгодог "оптогенетик" хэмээх аргыг хөгжүүлснийхээ төлөө 2026 оны анагаах ухааны салбарын Нобелийн шагналыг хүртэхээр болжээ.

Шведийн Каролинска хүрээлэнгийн Нобелийн хорооноос 54 настай Дейссерөт, 71 настай Хегеманн, 73 настай Нагель нарыг "гэрлээр удирдагддаг ионы суваг болон оптогенетикийн чиглэлээр хийсэн нээлтүүд"-ийнх нь төлөө шагнахаар сонгосноо Даваа гарагт зарласан юм.

Каролинска хүрээлэнгийн Нобелийн хорооны ерөнхий нарийн бичгийн дарга Томас Перлманн "Энэхүү арга (оптогенетик) нь амьд тархин дахь мэдрэлийн эсүүдийн үйл ажиллагааг асаах эсвэл унтраах боломжийг олгодог" гэж тайлбарлажээ.

Генетикийн ухааны профессор, анагаах ухааны салбарын Нобелийн хорооны гишүүн Анна Веделл мэдрэл судлалын шинжлэх ухаанд шинэ эрин үе эхэлсэн хэдий ч энэ нь дөнгөж эхлэл төдий зүйл гэдгийг онцолсон байна.

"Бид анх удаа тархи мэдээллийг хэрхэн боловсруулдаг, мөн тархин дахь янз бүрийн мэдрэлийн эсүүд хоорондоо хэрхэн харилцан үйлчилдэг болохыг бодитоор ойлгож эхлэх боломжтой боллоо" гэж тэр хэлжээ.

Гурван эрдэмтэн 12 сая Шведийн кроныг ($1.2 сая) хуваан авах юм. Энэ долоо хоногийн турш физик, хими, утга зохиол, энх тайван болон эдийн засгийн салбарын Нобелийн шагналын эздийг зарлана.

Дээрх гурван эрдэмтний олон жилийн өмнө эхлүүлсэн судалгаа нь одоо тархины эмгэгийн талаарх ойлголтыг гүнзгийрүүлэхэд хувь нэмрээ оруулж байгаа юм. Дэлхий даяар сая сая хүнд нөлөөлдөг, эмчилгээний сонголт хязгаарлагдмал байдаг шизофрени, Альцгеймер, Паркинсон, эпилепси (уналт таталт) болон донтолт зэрэг өвчнийг ойлгохын тулд амьтны загваруудыг ашигладаг.

Дейссерот оптогенетикийн аргыг ашиглан хөдөлгөөнийг удирдах тархины хэсэг (мотор кортекс)-ийн тодорхой мэдрэлийн эсүүдийг идэвхжүүлж, хулганын сахлын хөдөлгөөнийг удирдаж чадсан байна. Тэрбээр мөн гэрэл ашиглан унтаж буй хулганыг сэрээснээр тодорхой мэдрэлийн эсүүд сэрүүн байдлыг хянадаг болохыг баталжээ.

Ингэхдээ тэр 1990-ээд оны эхээр нэг төрлийн замаг гэрлийн нөлөөнд хагас миллисекундийн дотор хэрхэн хариу үйлдэл үзүүлдгийг судалж эхэлсэн Германы эрдэмтэдтэй танилцаж, судалгааны үр дүнг нь ашигласан юм байна.

2026 оны Нобелийн шагнал гардуулах ёслолын ажиллагаа уг шагналыг санаачлагч Альфред Нобелийн нас барсан өдөр буюу арванхоёрдугаар сарын 10-ны өдөр Шведийн нийслэл Стокхольм хотод зохион байгуулагдах юм.

 

Эх сурвалж: Reuters