Ц.Идэрбат: Нууцаар мал оруулж ирж зардаг том толгойтой нөхдийг илрүүлье
Ямааны годрон өвчний нөхцөл байдлын талаар Хүнс, Хөдөө Аж Ахуй, Хөнгөн Үйлдвэрийн Яам (ХХААХҮЯ)-наас мэдээллээ.
"БНХАУ-аас хууль бусаар орж ирсэн байж болзошгүй годронтой ямааны асуудлыг ТЕГ-аар шалгуулна" гэдгийг ХХААХҮЯ-ны сайд Ц.Идэрбат мэдээлсэн.
Тэрбээр "Монгол Улсад гаднаас эцэг мал импортолж оруулж ирэхэд тэр дотор "арвас" гэх үүлдэр байхгүй. Хилээр хууль бусаар оруулж ирсэн байх магадлал маш өндөр. Үүнийг мал эмнэлгийн хяналтад оруулах процесс огт хийгдээгүй явсан байна.
"Саятан сүрэг"-ийнхэн манай Мал эмнэлгийн ерөнхий газрынханд хаашаа хэдэн ухна зарснаа ч бүрэн дүүрэн хэлж өгөхгүй байгаа. Тэр битгий хэл зөрүүлээд годронгийн вакцин санал болгож байна гэсэн мэдээлэл ирж байна. Гэхдээ энэ мэдээлэл баталгаажаагүй. Эрх бүхий байгууллагаар шалгуулна.
Монгол Улсад гарсан малын гоц халдварт өвчин яг хаанаас гарч ирэв гэдэг нь мэдэгддэггүй. Жишээ нь шүлхий өвчин хаанаас гарав гэхээр зэрлэг амьтнаас л орж ирлээ гэдэг. Харин энэ удаагийн годрон бол хууль бус үйлдэл гэдэг нь тогтоогдож байна.
Одоо годрон туссан ямаанаас дээжийг нь авч, вакцин үйлдвэрлэх процесс эхэлсэн.
Гэхдээ өнөө маргаашдаа вакцин хийхгүй, сар гаруйн хугацаа орно. Эрдэм шинжилгээний ажил учраас ном дүрмийнхээ дагуу явуулна" гэв.
Мөн "Саятан сүрэг гэх компани үйл ажиллагаа явуулж байхдаа Мал эмнэлгийн ерөнхий газраас ямар ч зөвшөөрөл аваагүй гэдэг нь тодорхой болсон.
Нууцаар оруулж ирдэг, нууцаар зардаг том толгойтой нөхдийг илрүүлье. Авлига авсан хүн байвал явдаг газар руугаа явна. Хариуцлага алдсан хүмүүс нөхөн төлбөрийг төлөх ажилд оролцох ёстой.
Малын гоц халдварт өвчин тэр тусмаа үй олноор нь устгаад байгаа өвчний эх үүсвэр хаанаас гарсан гэдэг нь тодорхойгүй байдаг. Хил орчмоос л гараад байна гэдэг. Гэтэл энэ удаад нутгийн гүнд гарч байна. Улаанбаатар хотын хамар доор үүнийг зарж байхад Нийслэлийн мал эмнэлгийнхэн юу хийж байсан юм бэ гэдэг асуудал яригдана. Энэ асуудлыг Эрүүгийн цагдаа, Тагнуулын Ерөнхий Газарт өгсөн" гэлээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
