Б.Жаргалан: Хотхоны сургуулийн түрээсийн 1 м.кв талбайн үнэлгээ ₮50-60 мянган болж байна. Энэ бол маш өндөр зах зээлийн үнэлгээ

Н.Эрхбаяр, iKon.mn
10 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

УИХ-ын Төсвийн байнгын хороо өнөөдөр Төрийн ордонд хуралдаж, 2026 оны төсвийн тодотголтой холбоотой зарим асуудлыг хэлэлцлээ. 

Тодруулбал өнгөрсөн Баасан гарагийн УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааны үеэр УИХ-ын гишүүн Н.Жаргалан, С.Цэнгүүн нар зарчмын зөрүүтэй санал гаргаж “Гэрт ойрхон сургууль-хамгийн сайн сургууль” арга хэмжээний хүрээнд хотхоны сургуулийн түрээст 14 тэрбум төгрөг тусгасныг хасах санал гаргасан. Уг саналыг хуралд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн тул төсвийн тодотголоос хасагдах нөхцөл үүсэв. 

Харин өнөөдөр Төсвийн байнгын хорооны дарга Н.Наранбаатар тус саналыг дахин Төсвийн байнгын хороогоор дахин хэлэлцүүлж, сургууль цэцэрлэгийн түрээсийн төлбөрийн 14 тэрбум төгрөгийг хасуулахгүй байхаар хуралдсан. 

УИХ-ын гишүүн Б.Жаргалан, С.Цэнгүүн нар чуулганы хуралдаанаар дэмжигдсэн саналаа унагаахгүйн тулд Төсвийн байнгын хороогоор санал хураалгасангүй. Түрээсийн сургуулиудын нөхцөл байдалтай танилцсаны дараа саналаа татаж авах эсэхээ шийднэ гэв. Төсвийн байнгын хорооны даргын зүгээс тус 14 тэрбум төгрөгийг төсвийн тодотголд оруулж батлах санал гаргаад буй.

Төсвийн байнгын хорооны хуралдааны үеэр УИХ-ын гишүүн Б.Жаргалан ""Гэрт ойрхон сургууль хөтөлбөр"-т нэмж 50 тэрбум төгрөг тавиад файлын асуудал гарсан. Тэр файлыг үндсэн үйл ажиллагаатай холбоогүй, бэлтгэл ажлынх байсан гэх яриа явсан. Гэрт ойр сургууль хөтөлбөртэй холбоотой 14 тэрбум төгрөгийн асуудлыг хөндөөд зарчмын зөрүүтэй санал гаргасны ар дээр ""Гэрт ойрхон сургууль" хөтөлбөр хэрэгжээд түрээсийн гэрээ хийгдчихсэн, хүүхдүүд сургуульдаа орчихсон байгаа" гэдэг асуудал яриад эхэллээ. 

"Гэрт ойрхон сургууль"-ийн түрээсийн 13.8 тэрбум төгрөгийн задаргаа нь эксел файл дээр байна. Дөрвөн сарын түрээс, тоног төхөөрөмж тавилгын зардал гээд нийлбэр дүнгээр 13.8 тэрбум төгрөгийн гэрээ хэлцэл аль хэдийн хийгдсэн, хүүхдүүд сурч байгаа гэдэг мэдээллийг одоо өглөө. Тэгэхээр "Гэрт ойрхон сургууль" хөтөлбөрийн 50 тэрбум төгрөгийн эксел файл дээр байсан бүх ажил хийгдсэн байсан байна. 

Түрээсийн зардал гэдэг ангиллыг үзэхээр эксел файл дээр сургуулиудын нэрийг нуугаад зөвхөн байршлаар нь нарийн задаргаатай тоонуудыг төсөвлөсөн.

Тухайлбал 138.8 сая төгрөгийг Кино үйлдвэрт 694 м.кв талбай гэсэн байна. 1 м.кв талбайн үнэлгээ 50-60 мянган төгрөг болж байна. Энэ бол маш өндөр зах зээлийн үнэлгээ. Хувийн байр байшингаа төрд өндөр үнээр түрээслүүлдэг бизнес болгосон уу гэж харагдахаар байна" гэв. 

Түүний асуултад Боловсролын яамны Төрийн нарийн бичгийн дарга Т.Ням-Очир "Санхүүгийн жил, хичээлийн жил хоорондоо зөрж явдаг. Есдүгээр сарын 1-нээс дараа жилийн зургаадугаар сарын 1-н хүртэл өөрийн байр талбайг түрээслэх иргэн аж ахуйн нэгжийн судалгааг хийдэг. Ингэхдээ Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороонд байрлах сургууль 960 хүүхдийн хүчин чадалтай, энд байгаа 6-18 насны хүүхдийн тоо гурван давсан учраас зохицуулалт хийх ёстой. 

Тиймээс сургалтын зориулалтаар ашиглах байр талбай хэрэгтэй байна гэдэг зар мэдээлэл байршуулдаг. Тухайн 14 дүгээр хорооны сургуультай ойр байршилтай иргэн аж ахуйн нэгж манай байрыг сургалтын зориулалттай судалж үзээч гэх саналаа ирүүлдэг. Ийм байдлаар тухайн оны дөрөвдүгээр сард судалгаа тооцоолол хийгээд есдүгээр сард шийдвэрээ гаргадаг. Энэ жилийн хувьд хотхоны бага сургууль, төрөлжсөн ахлах сургууль гээд хүртээмжийг шийдэхээс илүүтэй нарийвчилсан төлөвлөлтийг оруулж ирсэн. Цаашдаа хичээл сургалтын зориулалтаар ашиглахаас илүүтэй иж бүрэн тохижуулж авч явах зохицуулалт хийсэн" гэв. 

ВИДЕО: