Хотын даргын орлогч асан Т.Даваадалай нарт холбогдох ₮5.2 тэрбумын авлигын хэргийг шүүхэд шилжүүлжээ
Нийслэлийн Засаг дарга (НЗД)-ын Эдийн засаг, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч асан Т.Даваадалай нарт холбогдох авилгын гэмт хэргийг прокурорын байгууллагаас шүүхэд шилжлүүлжээ.
Тодруулбал Т.Даваадалай нь Нийслэлийн засаг даргын эдийн засаг, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогчоор ажиллаж байхдаа төрсөн дүү "Нэгдсэн төслийн удирдлагын газар" ОНӨУТҮГ-ын Метро төслийн менежерээр ажиллаж байсан Т.Мөнхдалай, үеэл дүү “А...” ХХК-ийн захирал Н.Б, нэгжийн төслийн менежер А.Ербол нартай бүлэглэн 2024-2025 онуудад эрх мэдэл, албан тушаалын байдлын урвуулан ашиглаж, өөртөө болон өөрийн хамаарал бүхий этгээдүүдэд нийт 5.2 тэрбум төгрөгийн давуу байдал олгосон.
Мөн эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэргийн улмаас олсон нийт 2.6 тэрбум төгрөгийн хууль бус эх үүсвэрийг нуун далдалж ашиглан, мөнгө угаасан хэрэгт Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг (эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах), 18.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалт (мөнгө угаах)-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд шилжүүлжээ.
Эх сурвалж: Монгол Улсын Ерөнхий Прокурорын Газар
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
