"НЗД-ын орлогч Т.Даваадалайг ₮6.6 тэрбумыг завшсан байж болзошгүй асуудлаар шалгаж байна"

Э.Тэмүүлэн, iKon.mn
43 минутын өмнө
IKON.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Нийслэлийн Цагдаагийн Удирдах Газар (НЦУГ)-аас сүүлийн үед болсон гэмт хэргийн талаар товч мэдээлэл сэтгүүлчдэд өглөө.

Энэ талаар цагдаагийн хошууч Д.Мөнххуяг "Цагдаагийн байгууллагын 102 дугаарын утсанд өнгөрсөн шөнө буюу дөрөвдүгээр сарын 28-наас 29-ний шилжих шөнийн 00:05 минутын орчимд Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хороо, Москва хорооллын орчимд хүмүүс хоорондоо зодолдоод байна гэсэн дуудлага ирсэн. Уг мэдээллийн дагуу цагдаагийн байгууллагаас шалгахад хүний амь нас хохирсон болох нь тогтоогдсон. Урьдчилсан байдлаар иргэн Д нь гэрээнийхээ дагуу ажил гүйцэтгэсэнгүй гэдэг шалтгаанаар тухайн амь хохирогчийн толгойд цохиж амь насыг нь хохироосон байна. Үүнээс цааш амь хохирогчийг ямар шалтгааны улмаас амь насаа алдсаныг нь нарийвчилсан шинжилгээгээр тогтооно" гэв.

Мөн Нийслэлийн Засаг Даргын нэгдүгээр орлогч Т.Даваадалайг саатуулсан асуудлаар түүнээс тодруулахад "Манай байгууллагаас Туулын хурдны зам, нэг болон хоёрдугаар тойрог зам зэрэг төслүүдийн сонгон шалгаруулалтын явцад их хэмжээний мөнгө угаасан байж болзошгүй гэх мэдээлэлд шалгах ажиллагаа явуулсан. Шалгалтаар нэр нь дурдагдсан албан тушаалтан нь өөрийн гэр бүл болон хамаарал бүхий этгээд А-гийн үүсгэн байгуулсан болон А-гийн үеэл дүүгийн үүсгэн байгуулсан аж ахуйн нэгжид ₮5.6 тэрбум, А-гийн найзынх нь үүсгэн байгуулсан хоёр аж ахуйн нэгжид ₮709 сая, түүнчлэн А-гийн 50% эзэмшдэг аж ахуйн нэгжид ₮47.9 сая нийт ₮6.6 тэрбумыг дээрх аж ахуйн нэгжүүдийн дансанд шилжүүлэн авч, уг мөнгийг ажил гүйцэтгэсэн мэтээр тайлагнасан буюу мөнгө угаасан байж болзошгүй нөхцөл байдал үүссэн. 

Тиймээс иргэн Д-г эрүүгийн хуулийн 22.1 дэх зүйл заалтаар хэрэг үүсгэн шалгаж байна" гэлээ.

Түүнчлэн дөрөвдүгээр сарын 22-ны 07:50 цагт Төв аймгийн Мөнгөнморьт сумын нутаг Харзтайн ам гэх газарт малын сууринд үүрэг гүйцэтгэж байсан байлдагч боомилж нас барсан гэх дуудлага, мэдээлэл цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн. Шалтгаан нөхцөлийг тодруулахаар шалгалтын ажиллагаа үргэлжилж байгааг мэдэгдэв.