Нийслэлийн Засаг даргын орлогч асан Т.Даваадалайг цагдан хорих хугацааг нэг сараар сунгалаа

Г.Мөрөн, iKon.mn
6 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Нийслэлийн Засаг даргын орлогчоор ажиллаж байсан Т.Даваадалайг цагдан хорих хугацааг нэг сараар сунгах шийдвэрийг Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхээс гаргажээ.

Үүнтэй холбоотой шүүхийн шийдвэрийн тоймыг хүргэе.



Санамж: Энэхүү тойм нь шүүхийн шийдвэрийг орлохгүй бөгөөд олон нийтийг мэдээллээр хангах зорилготой болно.

Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокуророос яллагдагч Т.Д-г албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд бусдаар дамжуулан хахууль авсан гэх хэрэгт холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан байна.

Прокуророос яллагдагч Т.Д-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацаа сунгуулах тухай санал ирүүлснийг 2026 оны зургаадугаар сарын 15-ны өдөр шүүх хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүхээс хэргийн материалд цугларсан нотлох баримтууд, шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан прокурор, өмгөөлөгчийн санал зэрэгтэй танилцахад яллагдагч Т.Д нь албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд бусдаар дамжуулан хахууль авсан гэмт хэрэгт холбогдон шалгагдаж байгаа бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллагдагч Т.Д-д урьд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан үндэслэл буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасан буюу “...хэргийн ул мөр, эд мөрийн баримт, нотлох баримтыг устгах, өөрчлөх, зөөвөрлөх, нуун далдлах, үрэгдүүлэх, хуурамчаар үйлдэх...” үндэслэл арилаагүй, яллагдагчийг цаашид цагдан хорих зайлшгүй шаардлагатай байх тул яллагдагч авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг 2026 оны зургаадугаар сарын 22-ны өдрөөс нэг сарын хугацаагаар сунгаж шийдвэрлэв.

 

Тойм бэлтгэсэн: Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Б.Отгонцэцэг