"Манжин тариагүй байж тарьсан хэмээн хэлж, урамшуулал авах гэсэн хүмүүсийг хууль хяналтынхан шалгаж байгаа"

П.Сайнжаргал, IKON.MN
3 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Хүнс, Хөдөө, Аж Ахуй, Хөнгөн Үйлдвэр (ХХААХҮ)-ийн салбарын сонсголтой холбоотой асуудлаар тус яамны сайд Ц.Идэрбат мэдээлэл өглөө. 

Тэрбээр хэлэхдээ "Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооноос өнгөрсөн долоо хоногийн Даваа гарагт зохион байгуулсан ерөнхий сонсголтой холбоотой асуудал байна.

Хөдөө аж ахуйн салбар нь манай ДНБ-ний 50 орчим хувийг үйлдвэрлэдэг, ажиллах хүчний 40 гаруй хувийг эзэлдэг. Улс орны эдийн засаг, ард түмний амьдралд өндөр үүрэг хүлээсэн салбар. 

Сонсгол бол аливааг нэлээд судалж байж олон нийтэд нөхцөл байдлыг танилцуулдаг зохион байгуулалттай. Сонсголын үеэрх шинжээчийн дүгнэлт нь шүүхийн шийдвэр биш.

Жишээ нь "хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарт бүтээмж буурсан", "импортын хамаарал нэмэгдээд байна", "ажиллах хүч буурч байгаа", "өчнөөн их наядын том хөтөлбөрийг энэ салбарт хэрэгжүүлээд байхад үр дүн гарахгүй байна" гэдэг ерөнхий агуулгыг танилцуулсан.

Өнгөрсөн долоо хоногт бид шинжээчийн дүгнэлт дээр нэлээд ажиллалаа. 2008-2025 оны арванхоёрдугаар сарын 31-нийг хүртэл газар тариалангийн үйлдвэрлэлд 172.7 тэрбум төгрөгийн үйлдвэрлэл явагддаг байсан бол одоо 1.9 их наяд буюу 11.2 хувиар өссөн.

Тариалангийн талбай гурав дахин өссөн байна. Улаан буудайг 154 мянган га талбайд тариалдаг байсан бол одоо бараг 400 мянгад манай газар тариалан эрхлэгч нар тариалж байна.

Хүнсний ногоо 6.4 мянга байсан бол одоо 20.2 мянга га болж өссөн. Эдгээр өсөлт нь газар тариалангийн салбарын бодитой өсөлтүүд. Өнөөдөр бид төмснийхөө хэрэглээг 100 хувь, хүнсний ногооныхоо хэрэгцээг 70 хувь дотоодоос хангаж байна. Мөн улаан буудайнхаа хэрэгцээг 100 хувь хангаж, гурилаа дотоодоос авч байна" гэлээ. 

Үргэлжлүүлэн "Хүнсний хувьсгалыг зөвхөн талх, нарийн боов бус газар тариалан, хүнсний ногооны үйлдвэрүүд рүү өгсөн. 

Хүнсний хувьсгалаар 53 үйлдвэр шинээр байгуулагдсан байна. Хүнсний хувьсгал, цагаан алт бүгд үйлдвэрлэл рүү шилжсэн бөгөөд үр дүнгээ өгч байгаа.

2013 онд улаан буудай тариагүй байж тарьсан гэж бичиг баримт бүрдүүлсэн 39 хүн баригдаад зээл хуйгаа төлсөн. Үүнд сэрэмжтэй байхгүй бол 2026 онд манжин тарьсан гэж хэлээд урамшуулал авах гэж байгаад баригдсан хүмүүс бий. Одоо гурван хүн хууль хяналтын байгууллагаар явж байгаа" гэлээ.