Вьетнамд муурын хууль бус наймаа эрхэлж байсан 12 этгээд баривчлагджээ
Вьетнам улсын Хо Чи Мин хотод 2,700 орчим муурыг хулгайлж, нядалж, махыг нь зарснаа хүлээн зөвшөөрсөн 12 этгээдийг баривчилсан тухай тус улсын цагдаагийн байгууллага Даваа гарагт мэдээлжээ.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад муур барих хавх, арьс хуулах төхөөрөмж, жин хэмжүүр зэрэг эд зүйлсийг хураан авсан байна. Баривчлагдсан этгээдүүд гэрийн тэжээвэр муурыг хулгайлж, хүнсэнд хэрэглэх зорилгоор махалж зардаг байсан гэх хэрэгт сэжиглэгджээ
Сэжигтнүүд шөнийн цагаар жижиг бүлгүүдэд хуваагдан орон сууцны хорооллуудаар мотоциклтой явж, муур хулгайлдаг байсан гэнэ.
Тэд загасны махыг өгөөш болгон ашиглаж, муур тэжээдэг айлуудын гадаа хавх тавьдаг байсныг Вьетнамын төрийн төв хэвлэл мэдээлжээ. Аврагдсан мууруудаас 13-ыг эзэнд нь буцаан өгсөн байна.
"Humane World for Animals" амьтан хамгаалах байгууллагын мэдээлснээр Вьетнамд жил бүр таван сая нохой, нэг сая муурыг барьж, хулгайлж, махны зориулалтаар нядалдаг байна.
Тус улсад нохой, муурын мах хуулиар зөвшөөрөгдсөн хүнс бөгөөд олон ресторан үүнийг цэсэндээ ил тодоор санал болгодог. Гэхдээ бизнес эрхлэгчид амьтдын гарал үүслийг нотлох бичиг баримттай байх шаардлагатай гэнэ.
Хо Чи Мин хотын цагдаагийн газрын өгсөн мэдээллээр бүлэг тус бүр нэг шөнө дунджаар 4-10 муур хулгайлдаг байжээ.
Долдугаар сарын 8-нд цагдаагийнхан энэ бүлгийг анх илрүүлэхдээ 50 муур, хоёр жин, 55 хавх, 14 уут, 13 гар утас, долоон мотоцикл, арьс хуулах хоёр төхөөрөмж болон 6.7 сая вьетнам донг ($257) хураан авч байсан гэнэ.
Улмаар 12 сэжигтнийг байцаахад тэд нийт 2,700 орчим муур хулгайлснаа хүлээн зөвшөөрснийг цагдаагийн байгууллага мэдээлжээ.
Хураагдсан 50 муураас 13-ыг эзэнд нь буцаан өгсөн бол үлдсэнийг нь "HavePaws" амьтны халамжийн төвд шилжүүлсэн байна.
Вьетнамд нохой, муурын мах хэрэглэх явдал Азийн бусад орнуудтай харьцуулахад түгээмэл хэвээр байгаа ч олон нийтийн хандлага аажмаар өөрчлөгдөж байгааг идэвхтнүүд баталжээ.
"Humane World for Animals" байгууллагын захиалгаар 2023 онд хийсэн судалгаагаар олон нийтийн дунд, ялангуяа залуучууд болон гэрийн тэжээвэр амьтантай хүмүүсийн дунд нохой муурын мах хүнсэнд хэрэглэх явдлыг эсэргүүцэх үзэл нэмэгдэж байгаа нь тогтоогдсон байна.
Судалгаанд оролцогчдын 71 хувь нь муурын махны хэрэглээ болон худалдааг хориглохыг дэмжжээ. Өнгөрсөн зургаадугаар сард эрх баригчид муур хулгайлдаг бас нэг том бүлэглэлийг илрүүлсний үр дүнд нядлагдах гэж байсан 400 гаруй муурыг аварсан байна.
Эх сурвалж: BBC
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
