БНХАУ-ын Засгийн газрын тэтгэлэгт тэнцэж хүссэн их, дээд сургуульдаа суралцах 357 оюутан урилгаа гардан авлаа

П.Сайнжаргал, IKON.MN
0 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

2026-2027 оны хичээлийн жилийн БНХАУ-ын Засгийн газрын тэтгэлэг болон Өвөр Монголын Өөртөө Засах Орны Ардын Засгийн газрын тэтгэлэгт тэнцсэн оюутнуудад урилга гардуулах ёслолын ажиллагааг өчигдөр зохион байгуулав. 

Энэ жилийн сонгон шалгаруулалтад Монголын 5,000 гаруй хүүхэд хүсэлтээ өгснөөс 357 оюутан залуус тэтгэлэгт тэнцэж, БНХАУ-ын шилдэг их, дээд сургуулиудад суралцах урилгаа гардан авлаа. 



"Эрдэм, инновац, патент өвөртөлж ирэхийн ерөөлийг өргөн дэвшүүлье"

Боловсролын сайд Л.Энх-Амгалан хэлэхдээ "Жил бүрийн сонгон шалгаруулалт маш их өрсөлдөөнтэй болж байгаа. Зөвхөн энэ жилийн тухайд 5,000 хүүхэд сонгон шалгаруулалтад орох хүсэлтээ өгчээ.

  • Докторын хөтөлбөрт 25 оюутан 
  • Магистрын хөтөлбөрт 70 гаруй оюутан 
  • Бакалаврт 260 гаруй оюутан залуус суралцахаар болжээ. 

Хятадын үсрэнгүй хөгжлийн нууц бол дээд боловсрол, шинжлэх ухаан билээ. Дэлхийн шилдэг 100 их сургуулийн эрэмбийг жил бүр зарладаг. Энэхүү эрэмбэд Хятадын долоон их сургууль багтаж байна. Дэлхийн шилдэг 1,000 их сургуулийн жагсаалтад Хятадын 80 сургууль багтаж байна.

Эдгээр үзүүлэлт нь Хятадын дээд боловсрол ямар түвшинд байгааг илтгээд зогсохгүй дэлхийд өрсөлдөх чадвар ямар хэмжээнд байгаагийн хамгийн том илэрхийлэл.

Сурч, судалгаа хийж, дараагаар нь хийсэн судалгаагаа инновац, патент болгох сайхан боломжууд та бүхэнд нээгдэж байна.

Цаашдаа Хятадын боловсрол, шинжлэх ухааны салбартай хамтын ажиллагаагаа өргөн хүрээнд өргөжүүлж, Монголын тэргүүлэх их, дээд сургуулиудыг БНХАУ-ын тэргүүлэх их, дээд сургуулиудтай хамтарсан хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр ажлаа төлөвлөж байна.

Хээрийн галуу нисэн үл хүрэх газраас хүний хүү эрдэм өвөртөлж ирнэ гэж сайхан үг бий. Та бүхэн эрдэм, инновац, патент өвөртөлж ирэхийн ерөөлийг өргөн дэвшүүлье" хэмээн хэллээ. 

 "40 жилийн хугацаанд БНХАУ-ын Засгийн газрын тэтгэлэгт давхардсан тоогоор Монголын 10,788 суралцагч хамрагджээ"

Тэтгэлэг гардуулах ёслолын ажиллагааны үеэр БНХАУ-ын Элчин сайдын яамны түр хамаарагч Цао Ли "Өнөөдөр бид нэгэн дор хуран цугларч, 2026-2027 оны хичээлийн жилийн БНХАУ-ын Засгийн газрын тэтгэлэг болон Өвөр Монголын Өөртөө Засах Орны Ардын Засгийн газрын тэтгэлгийн урилга гардуулах ёслолын ажиллагааг ёслол төгөлдөр зохион байгуулж байна.

Юун түрүүнд, БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны нэрийн өмнөөс тэтгэлэгт тэнцсэн Монголын 357 оюутан залууст халуун баяр хүргэе.

Та бүхэн олон зуун өрсөлдөгчдөөс манлайлан шалгарч энэхүү хүндтэй шагналыг хүртэж байгаа бөгөөд энэхүү амжилт нь та бүхний хичээл зүтгэл төдийгүй арын албанд тань цаг ямагт тусалж дэмждэг гэр бүлийн тань ач гавьяа юм.

Боловсролын салбар дахь солилцоо хамтын ажиллагаа нь Хятад, Монголын сайн хөршийн найртай харилцааны чухал холбоос билээ. 1986 оноос Монгол оюутнуудыг хүлээн авч эхэлснээс хойш 40 жилийн хугацаанд БНХАУ-ын Засгийн газрын тэтгэлгээр давхардсан тоогоор Монголын 10,788 суралцагч тэтгэлэгт хамрагджээ.
Өвөр Монголын Өөртөө Засах Орны Ардын Засгийн газрын тэтгэлэг 2005 оноос хэрэгжиж эхэлснээс хойш 21 жилийн хугацаанд Монголын 2,500 гаруй оюутныг тэтгэлэгт хамруулсан байна.

Бэлтгэл курс болон хэлний бэлтгэл зэрэг төрөл бүрийн сургалтын хөтөлбөрүүдийг хамруулбал жил бүр Монголын 4,000 орчим залуус Хятад улсад суралцахаар зорин очиж байна" хэмээн хэллээ. 

Одоогийн байдлаар дэлхийн 191 улс болон бүс нутгаас ирсэн 380 мянган олон улсын оюутан Хятад улсад суралцаж, мөрөөдлөө биелүүлж байгааг хэлж байлаа.

"5,000 гаруй хүүхдээс шалгарч тэтгэлэгт тэнцсэндээ баяртай байна"

БНХАУ-ын Засгийн газрын тэтгэлэгт тэнцэж, хүссэн их дээд сургуульдаа суралцах урилгаа гардан авсан оюутнуудын сэтгэгдлээс хүргэе. 



Оюутан Н.Нандин "Бээжингийн Цинхуа их сургуульд олон улсын эдийн засаг, худалдаагаар дөрвөн жилийн хугацаанд бакалавраа төгсөөд ирсэн.

Одоо үргэлжлүүлэн БНХАУ-ын Засгийн газрын тэтгэлэгт тэнцэж, Шанхайн эдийн засгийн их сургуульд олон улсын худалдаагаар магистрт суралцах болсондоо маш их баяртай байна. Магистрын хоёр жилийн хөтөлбөрт суралцана" гэлээ. 

Оюутан Б.Балжинням "Өвөр Монголд аялал жуулчлалын менежментээр таван жил сурах 100 хувийн тэтгэлэг авлаа. 

5,000 гаруй хүүхдээс шалгараад тэтгэлэгт тэнцсэндээ баяртай байна. Нэг жил хэлний бэлтгэлд сураад дөрвөн жил бакалавртаа сурах тэтгэлэг.

Шалгуур нь хэлний оноо болон олон улсын CSCA (China Scholastic Competency Assessmen) шалгалтыг заавал өгдөг. Тэрхүү онооны нийлбэрээр өрсөлдөж гарч ирнэ. Би хятад хэлний шалгалтдаа 2024 оноос эхлэн бэлдсэн. 2025 онд хэлний түвшин тогтоох шалгалт, CSCA-н шалгалтаа өгч энэ жил тэтгэлэг авлаа" гэв. 

ФОТО: