Израилийн арми цэргүүд нь таван настай палестин охины амийг хөнөөснийг хүлээн зөвшөөрч, хэрэг үүсгэн шалгаж эхэлжээ

Т.Давааням, ikon.mn
5 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Reuters агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

2024 онд Газын зурваст гэр бүлийнхэнтэйгээ хамт автомашинаар зорчиж байсан таван настай палестин охин Израилийн цэргүүдэд буудуулж алагдсан юм.

Израилийн армийн удирдлага ийм аллага болсныг одоо л хүлээн зөвшөөрч, эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлснээ мэдээлжээ.

Хинд Ражабын аллага нь Газын зурваст дайн эхэлснээс хойш Израилийн цэргүүдийн гарт энгийн номхон иргэдийн амь үрэгдсэн тохиолдлуудын дэлхий нийтийн анхааралд хамгийн их өртсөн нэг жишээ юм.

Израилийн цэргүүд гал нээсний улмаас хамт явсан авга эгч, авга ах, гурван үеэл нь алагдаж, шархадсан охин автомашин дотроос хэдэн цагийн турш гар утсаар тусламж гуйж байжээ.

Сүүлд түргэн тусламжийнхан замдаа гарсан ч сураггүй алга болж, охинтой бас холбоо тасарсан байна.

Уг явдлаас хойш 12 хоногийн дараа охин, түүний төрөл төрөгсөд, түргэн тусламжийн хоёр ажилтны цогцос тухайн газраас олдож байжээ.

Израилийн эрх баригчид аллага болсон газарт цэргүүд нь байсныг эхэндээ үгүйсгэж байлаа.

Харин Лхагва гарагт олон сар үргэлжилсэн дотоод шалгалтын үр дүнд охины зорчиж байсан автомашин руу цэргүүд гал нээснийг олж тогтоосноо мэдэгджээ.

Бас охины амийг аврахаар очсон Улаан Хавирган Сар нийгэмлэгийн автомашин руу цэргүүд гал нээснийг баталсан байна.

Израилийн зэвсэгт хүчний дотоод хяналт шалгалтын алба бас 2025 оны гуравдугаар сард түргэн тусламж, онцгой байдлын 15 ажилтны амийг хөнөөсөн хэргийн мөрөөр ажиллаж эхэлснийг энэ үеэр мэдээлжээ.

Хинд Ражаб охины үхлийн тухай кино Венецийн кино наадмын шагналыг хүртэж, одоо Академийн Шагналд нэр дэвшээд байгаа.

Газа хотын дүрвэгсдийн хуаранд амьдарч байгаа охины эмээ “Израил улсын шүүх засаглалд итгэхгүй” байгаагаа хэвлэлд ярьжээ.

“Шударга ёсыг дэлхий нийт л тогтоож чадна гэж бид боддог. Бид олон улсын шүүхийн тогтолцоонд найдаж байна” гэж тэр хэлсэн юм.

Израилийн хүний эрхийн байгууллагууд бас Израилийн цэргүүдийн Палестины ард иргэдийн эсрэг үйлдсэн гэмт хэргүүд ихэнхдээ ямар нэг шийтгэлгүй өнгөрдгийг хүлээн зөвшөөрч байна.

2023 онд Газын зурваст дайн эхэлснээс хойш 73,000 гаруй палестин хүн Израилийн цэргүүдэд алагдсан бол хөрш Ливан улсын өмнөд хэсэгт дахин хэдэн мянган хүн алагдаад байгаа.

Тэдгээрийн дунд тусламжийн ажилтнууд, эмч нар, сэтгүүлчид олон бий.

Өнгөрсөн оны аравдугаар сард гал зогсоосноос хойш Газын зурваст том байлдааны ажиллагаа явагдахгүй байгаа. Гэхдээ Хамасын аюул заналыг устгах нэрээр Израилийн агаарын цохилтууд үргэлжилсээр байна.

Гал зогсоосноос хойш 1,200 гаруй палестин хүн, Израилийн дөрвөн цэрэг алагдсан гэх тоо баримтыг Палестин болон Израилийн талууд өгдөг.

 

Эх сурвалж: Reuters