Аймаг, сумдад шатахууны нийлүүлэлтийг эрчимжүүлэх үүрэг даалгавар өгчээ

М.Батчимэг, ikon.mn
0 минутын өмнө
IKON.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Тээврийн цагдаагийн албанаас Шуурхай штабд өгсөн мэдээллээр Улаанбаатар хотын хэмжээнд шатахууны дугаарлалт 2-3 дахин буурсан талаар мэдээллээ. 

Харин аймгийн төвүүдийн хувьд нэг шатахуун түгээх станцад дунджаар 75 машин байсан бол 60 болж буурсан байна. Цаашид аймаг, сумдын ШТС-уудад хангамжийг нэмэгдүүлэхэд анхаарч ажиллаж байна гэв. 

Мөн өчигдрийн байдлаар Монгол улсын хилээр нийт 9482,5 тонн газрын тосны бүтээгдэхүүн импортоор орж ирсний 3,059 тонн нь АИ-92 автобензин байна.

Улаанбаатар хотын өртөөнүүдэд шатахууны цувааг хүлээн авч, шилжүүлэх ажлууд тасралтгүй хийгдсээр байгаа ба одоо замд нийт 52 вагон шатахуун ирж байгаа бөгөөд оройн 23:00, шөнийн 03:00 цагуудад Улаанбаатар хотод ирнэ гэсэн төлөвлөгөөтэй байгаа аж. 

Шатахууны хангалт нэмэгдэж, хоногт зөвхөн Улаанбаатар хотод 1,500-1,700 тонн АИ92 автобензиныг нийлүүлж байна гэв. Цаашид аймгийн төвүүд болоод сумдад шатахууны нийлүүлэлтийг эрчимжүүлэн ажиллах үүрэг даалгавруудыг өгөөд байгаа юм байна. 

Нийслэлийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа бүх ШТС-уудыг ямар нэгэн хязгаарлалтгүй, 24 цагийн турш тасралтгүй ажиллуулах үүрэг, чиглэлийг шуурхай штабын зүгээс аж ахуй нэгжүүдэд өгөөд байгаа гэв.

Түүнчлэн нэр бүхий ШТС-ууд зөвхөн талоноор, харилцагч байгууллагууддаа олгож байна гэх иргэдийн гомдлууд цөөнгүй ирж байгаа ба энэ дагуу нэр бүхий шатахуун импортлогч компанид иргэн, байгууллага гэж ялгаварлахгүй байх, зөвхөн талоноор олгоно гэсэн хатуу зохицуулалт байж болохгүйг сануулж, зөрчлөө арилгахыг өнөөдрийн шуурхай штабын ээлжит хуралдаанаар анхааруулжээ.