Нисгэгчид нь зураг авч байгаад сөнөөгч онгоцнуудыг агаарт мөргөлдүүлснийг Өмнөд Солонгосын эрх баригчид тогтоожээ

С.Мөнхцэцэг, ikon.mn
4 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг

2021 онд хоёр сөнөөгч нисэх онгоц агаарт мөргөлдөхөд нисгэгчдийнх нь зураг авч, дүрс бичлэг хийсэн үйлдэл нөлөөлснийг Өмнөд Солонгосын эрх баригчид тогтоожээ.

Тэгү хотын дээр нислэг үйлдэж байх үед гарсан энэхүү ослын шалтгааныг тус улсын Аудит, Хяналт Шалгалтын Зөвлөл мөрдсөн юм байна.

Нисгэгчид эсэн мэнд үлдсэн ч ослын улмаас мөргөлдсөн онгоцнуудад нийт 880 сая воны ($596,000) хохирол учирч байжээ.

Одоо цэргийн албанаас халагдсан нисгэгчдийн нэг нь 88 сая воны өрөнд орсон байна.

Тухайн нисгэгч халагдахаасаа өмнөх сүүлчийн нислэгийг дурсгал болгож үлдээхээр зураг, бичлэг үйлдэж байгаад осол гаргажээ.

Лхагва гарагт нийтэлсэн тайландаа аудитын зөвлөл “чухал нислэгийн үеэр зураг авах нь нисгэгчдийн дунд түгээмэл байдаг үйлдэл” гээд нисгэгч хөөрөхөөсөө өмнө ийм зорилготой байгаагаа ил тод мэдэгдэж байсныг дурдсан байна.

Хоёр онгоц цуваа үүсгэн нисээд бааз руугаа буцах үеэр арын онгоцны нисгэгч зураг авч эхэлжээ. Үүнийг анзаарсан эхний онгоцны нисгэгч хамт байгаа нисгэгчээсээ арын онгоцны дүрс бичлэгийг үйлдэхийг хүссэн байна.

Ингээд арын нисгэгч камерт онгоцоо илүү сайн харагдуулахын тулд өндрөө нэмжээ. Энэ үйлдэл хоёр онгоцыг хооронд нь маш их ойртуулсан байна.

Мөргөлдөөнөөс зайлсхийхийн тулд эхний онгоцны нисгэгч яаралтай уруудсан ч ослоос сэргийлж чадаагүй гэнэ.

Үүний улмаас түрүүнд явсан онгоцны зүүн далавч, дагалдагч онгоцны сүүл хэсгийн тогтворжуулагч гэмтсэн байна.

Уг ослын дараа Өмнөд Солонгосын агаарын зэвсэгт хүчин дагалдагч онгоцны нисгэгчийг халсан бөгөөд тэр одоо хувийн агаарын тээврийн компанид ажилладаг болжээ.

Эхэндээ агаарын хүчний удирдлага буруутай нисгэгчээр бүх 880 сая воны хохирлыг төлүүлэх гэсэн боловч тэр эсэргүүцэж, шүүхэд давж заалдсан тул нэмэлт мөрдөн байцаалт явуулахаар болсон байна.

Ингээд зураг авах үйлдлийг удирдлага нь урьдчилан мэдэж байсан гэсэн үндэслэлээр нисгэгчийн торгуулийг хөнгөлж, нийт хохирлын үнэлгээний 10 хувийг төлүүлэхээр болжээ.

Нисгэгчийн хувийн камер ашиглах үйлдлийг зохицуулах ямар нэг арга хэмжээ аваагүй гэсэн үндэслэлээр агаарын зэвсэгт хүчний удирдлага тодорхой хариуцлага хүлээхээр болсон байна.

Мөн тухайн нисгэгч хангалттай сайн туршлагатай нэгэн байсан тул илүү ноцтой хохирол учруулахаас зайлсхийж, онгоцоо аюулгүй газардуулсан нь торгуулийг хөнгөлөхөд нөлөөлжээ.

 

Эх сурвалж: BBC