Монгол Улс “Ус, Бэлчээрийн газрын менежмент, Байгальд суурилсан шийдэл” гэсэн гурван санаачилга дэвшүүлэв
-Казахстан Улсаас мэдээлж байна-
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Бүгд Найрамдах Казахстан Улсад хийж буй төрийн айлчлалынхаа хүрээнд Астана хотноо болж буй Экологийн асуудлаарх бүс нутгийн дээд түвшний уулзалтын нээлтэд өчигдөр оролцлоо.
Манай улс энэ уулзалтад “Ус, Бэлчээрийн газрын менежмент, Байгальд суурилсан шийдэл” гэсэн гурван санаачилга дэвшүүлэв.
Оролцогч талууд энэ уулзалтаар:
- Уур амьсгалын шилжилтийг дэмжих,
- Байгаль, цаг уурын эрсдэлд дасан зохицох, эдийн засгийн уян хатан байдал,
- Бүс нутгийн экосистем ба хүнсний аюулгүй байдал,
- Байгалийн нөөцийн тогтвортой менежмент,
- Агаарын бохирдол, хог хаягдлын менежмент,
- Байгаль орчны зорилтуудыг хэрэгжүүлэх механизм,
- Шударга, хүртээмжтэй шилжилт,
- Байгаль орчин ба дижитал шилжилт, чадамж гэсэн тэргүүлэх найман сэдвийн хүрээнд ярилцав.
Тухайлбал усны нөөцийн хомсдол, мөстөл, мөсөн голын хайлалт, цөлжилт, агаарын бохирдол зэргийн эсрэг хамтын хариу арга хэмжээ авах бодлого, стратегиа тодорхойлж, нэгдсэн шийдэл гаргах юм.
Мөн төр, хувийн хэвшил, олон улсын байгууллагуудын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх, ногоон санхүүжилт, ногоон технологи, тогтвортой хөрөнгө оруулалтыг дэмжих талаар хэлэлцэнэ.
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх уулзалтын нээлтэд оролцон улсынхаа байр суурийг илэрхийллээ.
Тэрбээр, дээд түвшний уулзалтыг зохион байгуулж буй Ерөнхийлөгч К.Токаевт талархал илэрхийлж, энэ уулзалт уур амьсгалын өөрчлөлт, цөлжилт, усны нөөцийн хомсдол зэрэг дэлхий нийтийг хамарсан сорилтыг хамтын хүчээр даван туулахад чухал хувь нэмэр оруулна гэдгийг хэллээ.
Тогтвортой хөгжлийн зорилтуудын хэрэгжилт дэлхийн хэмжээнд хангалтгүй байгаа энэ үед Монгол Улс “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн өрнүүлэн, газрын доройтлыг бууруулах, ойг нөхөн сэргээхийн төлөө идэвхтэй ажиллаж байгааг тэмдэглэлээ.
Манай улсын санаачилсан “Бэлчээр ба нүүдлийн мал аж ахуй эрхлэгчдийн олон улсын жил”-ийн хүрээнд энэ салбарынхны үнэлэмжийг дээшлүүлэх, бэлчээрийн тогтвортой менежмент, нөхөн сэргээлт, хөрөнгө оруулалт, хүнсний аюулгүй байдал зэрэг чиглэлээр хамтран ажиллахыг уриаллаа.
Монгол Улс энэ уулзалтаас гарах санал, санаачилга, зөвлөмжийг ажил хэрэг болгохын төлөө бүх талаар хамтран ажиллана гэдгээ илэрхийллээ.
Ерөнхийлөгч мөн ирэх наймдугаар сард Улаанбаатар хотноо “Эх байгалиа сэргээе, Итгэл найдвараа бадраая” уриан дор болох НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх тухай конвенцын Талуудын 17 дугаар бага хуралд идэвхтэй оролцохыг улс орнуудад уриаллаа.
Мөн 10 дугаар сард зохион байгуулах Дэлхийн эмэгтэй парламентчидын чуулга уулзалтад төлөөлөгчдөө оролцуулахыг урилаа.
Казахстаны Ерөнхийлөгч К.Токаев 2023 онд болсон НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 78 дугаар хуралдаанд оролцохдоо, 2026 онд эх орондоо Экологийн асуудлаарх бүс нутгийн дээд түвшний уулзалт зохион байгуулахаар төлөвлөснөө зарласан юм.
Энэ удаа Казахстан, Монгол, Киргиз, Тажикистан, Туркменистан, Узбекистан, Азербайжан, Армени, Гүрж, Орос, Хятад, Итали, Герман, Япон зэрэг улсын төр, засгийн тэргүүн, өндөр албан тушаалтан, НҮБ, олон улсын байгууллага, банк, санхүү, түүний дотор Азийн Хөгжлийн банк, Дэлхийн банк, холбогдох салбаруудын эрдэмтэн судлаач, иргэний нийгэм, бизнес, хэвлэл мэдээлэл гээд 1,500 орчим төлөөлөл хүрэлцэн иржээ.
Уулзалтад оролцогч талууд Хамтарсан мэдэгдэл, тунхаглал, хэлэлцээр, санаачилга, хөрөнгө оруулалтын төсөл, хөтөлбөр зэрэг хамтын ажиллагааны 50 гаруй баримт бичигт гарын үсэг зурах төлөвтэй байна.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
