₮12.7 саяын экологи-эдийн засгийн үнэлгээтэй амьтан болох хоёр халиун бугыг хууль бусаар агнасныг илрүүлжээ
Сэлэнгэ аймгийн Тужийн нарсны Байгалийн цогцолборт газарт хийсэн хяналт шалгалтын үеэр 2026 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр тусгай хамгаалалттай газрын “Устай Шаамарын Хадан хошуу” гэх газарт ховор амьтны жагсаалтад багтдаг хоёр бодгаль Халиун бугыг хууль бусаар агнасан гэмт хэргийн шинжтэй үйлдлийг илрүүлсэн талаар Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамнаас мэдээллээ.
Уг хэргийг шалгуулахаар Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газар болон Шүүх шинжилгээний байгууллагад шилжүүлж, холбогдох эд мөрийн баримтуудыг хүлээлгэн өгсөн байна. Мөн холбогдох байгууллагуудтай хамтран хууль бусаар агнагдсан амьтдын сэг зэмийг ариутгаж, устгалд оруулжээ.
Хууль бусаар Халиун буга агнасан тохиолдолд Амьтны тухай хуульд заасны дагуу тухайн амьтны экологи-эдийн засгийн үнэлгээг хоёр дахин нэмэгдүүлэн бодгаль тутамд нөхөн төлбөр оногдуулж, эрүүгийн хариуцлага хүлээлгэдэг байна. Халиун бугын экологи-эдийн засгийн үнэлгээ 12.7 сая төгрөгөөр тогтоогдсон байдаг.
Иймд иргэдийг ан агнуур хийхдээ хууль, журмыг мөрдөж, хориглосон хугацаанд ан агнуур хийхгүй байх, амьтны гаралтай бүтээгдэхүүн худалдан авахдаа гарал үүслийг нягтлах, зөрчил, гэмт хэргийн талаарх мэдээллийг холбогдох байгууллагад мэдээлж байхыг зөвлөв.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
