"Орон нутгийн сонгуулийн дүн гартал E-Mongolia платформоор 21 аймагт оршин суух хаягийн шилжилт хөдөлгөөн хийгдэхгүй"
Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Иргэний засаг захиргааны нэг нэгжээс нөгөө нэгжид шилжин суурьших хөдөлгөөнийг санал авах өдрөөс 60 хоногийн өмнө зогсоож, санал авах өдрийн дараах өдрөөс сэргээнэ” гэж заасан.
Энэ дагуу Улсын Бүртгэлийн Ерөнхий Газар(УБЕГ)-ын даргын 2026 оны дөрөвдүгээр сарын 15-ны өдрийн “Иргэний шилжилт хөдөлгөөнийг түр зогсоох тухай” А/81 тоот тушаалын хэрэгжилтийг хангаж, 2026 оны дөрөвдүгээр сарын 21-ний 17:00 цагийн байдлаар иргэний шилжилт хөдөлгөөний бүртгэлийг зогсоож, мөн өдрийн 21:00 цагийн байдлаар шилжилт хөдөлгөөний бүртгэл хөтлөх улсын бүртгэгчийн эрхийг түр хязгаарлалаа.
Орон нутгийн нөхөн сонгууль 16 аймгийн 44 сумын 74 сонгуулийн хэсэгт явагдана.
Төрийн үйлчилгээний нэгдсэн систем (E-Mongolia)-ээр шилжилт хөдөлгөөний бүртгэлийг мөн хугацаанд зогсоосон бөгөөд нийслэлийн хэмжээнд дүүрэг хооронд, хороо хооронд болон хороон доторх шилжилт хөдөлгөөний бүртгэл хэвийн үргэлжилнэ.
Эх сурвалж: Улсын Бүртгэлийн Ерөнхий Газар
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
