Африкийн улсууд нислэгийн зөвшөөрөл өгөөгүйн улмаас Тайванийн ерөнхийлөгч гадаад айлчлалаа цуцалжээ

С.Мөнхцэцэг, ikon.mn
3 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг

Тайванийн ерөнхийлөгч Лай Чин Тэ энэ долоо хоногт Африк тивийн Эсватини улсад айлчлах төлөвлөгөөтэй байсан ч Сейшелийн арлууд, Маврики, Мадагаскар улсуудын нутаг дэвсгэр дээгүүр нисэх зөвшөөрөл авч чадаагүйн улмаас цуцлахад хүрчээ.

Дээрх гурван улс Хятад улсын хүчтэй дарамт, эдийн засгийн хөшүүргийн улмаас зөвшөөрөл өгөөгүй гэсэн тайлбарыг Тайванийн албаны хүн өгсөн байна.

Харин Хятадын эрх баригчид үүнийг үгүйсгэж, Энэтхэгийн далайд оршдог дээрх гурван улс “нэг Хятад” зарчмыг хүндэтгэдгийг магтан сайшаажээ.

Энэ бол Тайвань арлын удирдагч нислэгийн зөвшөөрөл авч чадаагүйн улмаас гадаад айлчлалаа цуцалсан, олон нийтэд мэдэгдэж буй анхны тохиолдол юм.

Эсватини бол Тайваньтай дипломат харилцаатай 12 улсын нэг, Африк тив дэх цорын ганц улс.

Тайванийн албаныхан Африкийн гурван арал улсыг “гэнэт, урьдчилан мэдэгдэлгүйгээр” зөвшөөрлөө цуцалсан гэж буруутгажээ.

Хятад улс Тайвань арлыг өөрийн газар нутгийн нэг хэсэг бөгөөд хэзээ нэг цагт ямар нэг аргаар Бээжингийн захиргаанд нэгдэх ёстой гэж үздэг.

Одоогийн ерөнхийлөгч Лай Чин Тэ нь арлын тусгаар тогтнолыг дэмжигч тул Бээжингийн эрх баригчид түүнийг “салан тусгаарлагч”, “Тайванийн хоолойн хоёр эргийн энх тайвныг сүйтгэгч” гэх мэтээр цоллодог.

Өмнө нь Свазилэнд нэртэй байсан Эсватини улсын засгийн газар Лайн айлчлал цуцлагдсанд харамсал илэрхийлээд энэ нь “манай хоёр улсын урт хугацааны харилцааны статусыг өөрчлөхгүй” гэж мэдэгджээ.

Лай дөрөвдүгээр сарын 22-26-ны өдрүүдэд III Мсвати хаан ширээнд заларсны 40 жилийн ой, хааны төрсөн өдрийн баярын арга хэмжээнд оролцохоор Эсватинид айлчлах гэж байсан юм.

Тэгвэл одоо Тайванийн талаас ерөнхийлөгчийн томилсон тусгай элч уг арга хэмжээнд оролцохоор болжээ.

Лхагва гарагт Бээжинд болсон хэвлэлийн хурлын үеэр Хятадын Төрийн зөвлөлийн Тайванийн асуудал эрхэлсэн газрын төлөөлөгч “нэг Хятад зарчмыг баримталж буй дээрх улс орнуудын байр суурь, үйл ажиллагааг үнэлж байна” гэж мэдэгдсэн юм.

Хятадын гадаад хэргийн яам энэ үйл явдлын талаар “дэлхий дээр Бүгд Найрамдах Хятад Улсын ерөнхийлөгч гэж нэрлэгддэг хүн байхгүй болсон нь тодорхой байна” гэж мэдэгджээ.

АНУ-ын зарим албаны хүмүүс Сейшелийн арлууд, Маврики, Мадагаскарын эрх баригчдын үйлдлийг буруушаан шүүмжилсэн байна.

Тухайлбал сенатор Тэд Круз “Хятадын Коммунист Намтай эвсэхээр шийдсэн бололтой” гэж Маврикийн засгийн газрыг шүүмжилжээ.

 

Эх сурвалж: BBC