Замын хөдөлгөөний удирдлагын төв өнгөрсөн онд торгуулиас ₮46 тэрбум, зогсоолоос ₮1.7 тэрбумын орлого төвлөрүүлжээ
Замын хөдөлгөөний удирдлагын төв ОНӨТҮГ нь 2025 онд торгуулийн орлогын төлөвлөгөө 55.0 тэрбум төгрөг төвлөрүүлэхээс 46.2 тэрбум төгрөгийг төвлөрүүлж, орлогын төлөвлөгөөг 84 хувиар биелүүлсэн талаар аудитын дүгнэлтэд дурджээ.
Мөн төлбөртэй зогсоолын орлого 1.1 тэрбум төгрөг төвлөрүүлэхээс 1.7 тэрбум төгрөгийг төвлөрүүлж, орлогын төлөвлөгөөг 154.5 хувиар, тус тус биелүүлсэн байна.
Өнгөрсөн онд Улаанбаатар хотын 176 уулзвар, гарцуудад замын хөдөлгөөний дүрс бичих, гэрэл дохио харах, уулзвар луу орж, гарч буй тээврийн хэрэгслийг бүртгэх, зөрчил илрүүлэх, уулзварыг бүтэн харах, орчны хяналт хийх, хөдөлгөөний нөхцөл байдлыг харах, эгнээ байрны зөрчил илрүүлэх зэрэг зориулалттай нийт 2,606 хяналтын камеруудыг шинээр суурилуулжээ.
Өнгөрсөн онд замын уулзвар гарц дээрх камержуулалтын ажил ₮2.5 тэрбумаар хийгдсэн юм байна.
Түүнчлэн Замын хөдөлгөөний удирдлагын төв ОНӨТҮГ-ын жилийн зардлын хэмжээг нийслэлийн ИТХ-ын 2024 оны 24/33 тогтоолоор 12,991.1 сая төгрөгөөр баталсныг дахин тодотгол хийж, 2025 оны 25/132 дугаар тогтоолоор 14.7 хувиар бууруулан 11,084.6 сая төгрөгөөр баталсан байна. Гэсэн ч энэ нь өмнөх оны батлагдсан зардлаас 51.1 хувиар өсгөсөн үзүүлэлт юм байна.
Харин энэ оны Замын хөдөлгөөний удирдлагын төв ОНӨТҮГ-ын урсгал зардал 14,360,432.8 мянган төгрөг байна.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
