Кремлийн суртал нэвтрүүлэгч ерөнхий сайдыг нь доромжилсны хариуд Итали улс Оросын элчин сайдад эсэргүүцэл илэрхийлэв

Т.Давааням, ikon.mn
1 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг

Оросын төв телевизийн хөтлөгч Владимир Соловьев саяхан ээлжит нэвтрүүлгийнхээ үеэр Италийн ерөнхий сайд Жоржа Мелонийг элдвээр доромжилсон юм.

Тэрбээр итали хэлээр ерөнхий сайд эмэгтэйг “хүн төрөлхтний ичгүүр”, “зэрлэг араатан”, “батлагдсан тэнэг”, “муухай бяцхан эмэгтэй” гэх зэргээр доромжилжээ.

Дараа нь Соловьев орос хэлээр үргэлжлүүлэн ярихдаа Мелонийг “тэр бол сонгогчдоосоо урвасан фашист бүтээл”, “тэр бүр Трампаас ч урвасан” гэж хэлсэн байна.

Тэгвэл Италийн гадаад хэргийн сайд Антонио Таяни үүнтэй холбогдуулан Ром дахь ОХУ-ын элчин сайдыг дуудан уулзаж, Соловьевын “маш ноцтой, доромжилсон” үг хэллэгийн төлөө эсэргүүцэл илэрхийлснээ Мягмар гарагт мэдээлжээ.

зураг
 

Сүүлд Мелони өөрөө “Эдгээр хошигнолууд бидний үзэл бодлыг өөрчлөхгүй нь лавтай. Бидний луужин ганц бөгөөд зөвхөн Италийн ашиг сонирхлыг заадаг. Алс холын суртал нэвтрүүлэгчдийг бухимдуулсан ч бид үүнийгээ бахархалтайгаар дагаж мөрдөх болно” гэж сошиал хуудсандаа бичсэн юм.

Жоржа Мелони ерөнхий сайдын албан тушаалыг хаших хугацаандаа Украины тэмцлийг хүчтэй дэмжсэн нь Ром, Москвагийн харилцааг хурцатгаад байгаа.

Сүүлд тэр бас Ираны эсрэг дайн болон Ромын пап XIV Леотой холбоотой маргааны улмаас нэг үе хамгийн ойрын холбоотон нь байсан АНУ-ын ерөнхийлөгчтэй түнжин хагараад байгаа юм.

 

Эх сурвалж: AFP