Б.Пүрэвдагва: Мега төслүүд дээр энэ хувилбар туйлын зөв үү гэдэг шалгуур тавьж, иргэдийн дэмжлэгийг авсан цагт явуулна
Нийслэлийн ИТХ-ын ээлжит бус 12 дугаар хуралдаанаар Б.Пүрэвдагвыг нийслэлийн засаг даргад нэр дэвшүүлэх тухай асуудлыг хэлэлцэж байна.
Энэ үеэр хотын даргад нэр дэвшигч Улаанбаатар хотод хэрэгжүүлж мега төслүүдийг үргэлжлүүлэх эсэх талаар өөрийн байр сууриа илэрхийллээ.
Хотын даргад нэр дэвшигч Б.Пүрэвдагва: Дулааны тавдугаар цахилгаан станцын төслийг 1985 оноос хойш ярьсан. Одоо 42 жилийн нүүрийг үзлээ. Хэдэн ч удаа тууз хайчилсан юм. Энэ удаад хамаг хүчээ зориулаад НИТХ, Засгийн газар, хувийн хэвшилтэйгээ нийлээд ДЦС-5 төслийн ард гаръя гэсэн залуу хүний амбиц байна. Энэ төсөл ашиглалтад орсноор дулаан эрчим хүчний асуудлаа шийдэх бололцоотой.
Жилд бид 3-5 их наяд төгрөгийн бодит болон бодит бус хохирлыг түгжрэлд алддаг. 2026 оны төсөв дээр түгжрэлийг сааруулахад багагүй мөнгө тавьсан. Нийтийн тээврийн шинэ хувилбаруудыг иргэдэд санал болгох шаардлагатай. Бүсчилсэн зогсоолын системийг оруулах хэрэгтэй. Иргэд түгжрэлд оролцохдоо соёлтой байх ёстой. Утсаа их оролдож байгаа харагддаг. Өөрөө байнга дугуй унаж явдаг хүний хувьд скүүтэр, дугуйтай холбоотой асуудлыг өргөн хүрээтэй харъя гэж бодож байгаа.
Туулын хурдны зам төсөл дээр Засгийн газраас гаргасан шийдвэрүүд бий. Нэлээд өндөр тооцоо судалгаа хийж байж бүрэн шийдвэр гаргах шаардлагатай. Нийслэлийн зардлын бүтэц дээр хэмнэлт хийнэ. Мега төсөл дээр зардал явж байгаа, гэхдээ эх үүсвэрийн ихэнх гадаадын хөрөнгө оруулалт, бонд юм.
Гадаадын хөрөнгө оруулалт маш чухал. Бидний юу ярих вэ гэдгийг гадаадын хөрөнгө оруулагчид хараад сууж байгаа. Нийслэлээс гадаадын хөрөнгө оруулагч, олон улсын байгууллагатай эхэлсэн төсөл хөтөлбөрүүд дээрээ ямар гэдгээ харуулах ёстой. Өмнө нь гэрээ хийснээ одоо цуцалж болохгүй. Гэрээний заалт, аль аль талын үүрэг хариуцлага бий.
Мега төслүүд дээр энэ хувилбар туйлын зөв үү гэдэг шалгуур тавьж, санхүү эдийн засгийн тооцоог нээлттэй байлгаж, иргэдийн дэмжлэгийг авсан цагт явуулна. Иргэд өөрсдийн хотод юу хийхийг мэдэх ёстой.
"Юун түрүүнд дахиж татвар, хураамж нэмэхгүй гэдгээ албан ёсоор илэрхийлье"
Би сингапур руу хэд хэд явсан. Манайхан шоолдог, Сингапурын хөгжлийн жишээг судлах гэж 100, 100 аялал ирдэг гээд. Экспертүүдтэй уулзахад надад нэг ичмээр юм ярьж байсан, тэр үг миний шарыг их хөдөлгөсөн. Танай монголчууд Сингапурын хөгжлийг судлах гэж их ирэх юм, эсрэгээрээ танай улсад бид атаархдаг. Танай монголчууд агуу их түүхтэй, нэгдсэн үндэстэн, өргөн уудам газарт нутагтай. Манайд танайд байгаа шиг ийм капитал байсан бол юун одоогийн Сингапур эзэнт гүрнийг байгуулах хүч чадалтай гэж хэлж байсан. Энэ үг миний дотор бодогдож явдаг. Монголчууд нэгдэж нийлээд өөрсдийн асуудлаа шийдэж чаддаггүй юм бэ, жижиг хэрүүл улс төрөө болимоор байна.
Аж ахуйн нэгж байгууллагын 76 хувь, худалдаа үйлчилгээний 84 хувь нь нийслэлд байна. Хотын эдийн засгийн асуудал маш чухал. Юун түрүүнд хэлэхэд хэрэв засаг дарга болбол дахиж татвар, хураамж нэмэхгүй гэдгээ албан ёсоор илэрхийлье. Аж ахуйн нэгж болон иргэдийн нуруун дээр татвар, хураамж нэмэхгүй. Төр бизнестэй өрсөлдөхгүй гэсэн зарчим барина. Бизнесийн байгууллагууд хийж чадах салбар руу нийслэлийн өмчийн компаниуд орохгүй. Тийм компани байвал татан буулгахаас буцахгүй.
видео:
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
