Э.Ганболд: Спортын хутга шидэлтийн төрлийг 2032 оны олимпын хөтөлбөрт багтаах алсын зорилготой

Э.Тэмүүлэн, iKon.mn
12 минутын өмнө
IKON.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Монголын Спортын Хутга Шидэлтийн Холбооноос энэ сарын 29-нөөс 31-нийг дуустал анхдугаар Улсын Аварга Шалгаруулах Тэмцээн (УАШТ)-ээ зохион байгуулахаар болжээ.

Энэ талаар тус холбооны төлөөлөл өнөөдөр Биеийн Тамир Спортын Улсын Хороо (БТСУХ)-ны хурлын танхимд хэвлэлийн хурал зохион байгуулсан юм.

Өнгөрсөн жил байгуулагдсан тус холбоо нь Олон Улсын Хутга Шидэлтийн Холбооны 22 дахь гишүүнээр элссэн байна. Өдгөө 26 улсыг эгнээндээ нэгтгэсэн тус спорт сүүлийн үед манай улсад эрчимтэй хөгжиж байгааг зохион байгуулагчид онцлов.

Тэмцээнийг Сүхбаатар дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтсийн урд "Наран спорт төв"-д зохион байгуулах аж.

Энэ талаар Олон Улсын Спортын Хутга Шидэх холбооны дэд ерөнхийлөгч Э.Ганболд "Спорт хутга шидэлтийн холбоо маань Монгол Улсад 2025 оны нэгдүгээр сард үүсгэн байгуулагдсан. Үүнээс хойш нэг жилийн хугацаанд чамгүй амжилт үзүүллээ. Үүний тод жишээ нь өнгөрсөн онд тив, дэлхийн таван тэмцээнд оролцоод нийт дүнгээрээ 56 медаль хүртсэн байна. 

Олон улсын холбооны алсын зорилго нь ойрын хугацаанд паралимпад бүртгүүлэх, үүний дараа 2032 оны олимпын хөтөлбөрт багтах зорилготой.

Энэ спортыг сонирхогчдын тоо сүүлийн үед эрчимтэй нэмэгдэж байгаа. Манай улсад 15,000 орчим дэмжигч, 1,700 орчим тамирчинтай. Үүнээс 500 орчим нь идэвхтэй, өдөр бүр хичээллэж байгаа юм.

Одоогоор 21 аймагт 31 клуб байгуулагдсан. Тодруулбал Дархан-Уул, Архангай, Баянхонгор, Завхан, Баян-Өлгийд клуб нээгдсэн" гэв. 

Анхдугаар УАШТ насанд хүрэгчид болон өсвөрийн гэсэн хоёр ангилалд зохиогдох юм байна. Өсвөрийн тамирчдын хувьд хамгийн бага нас нь 10. Өсвөрийн тамирчид хоёр насны ангиллаар өрсөлдөх бол насанд хүрэгчид нийт есөн ангилалд аваргаа тодруулах аж.