Mzinho "The MongolZ" багаас гарч, Senzu-ийн тоглож буй "BC Game Esports" багт нэгдлээ

Н.Эрхбаяр, iKon.mn
5 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг

Цахим спортын Counter Strike-2 (CS2) тоглоомын "BC Game Esports" баг манай улсын шилдэг тоглогч mzinho буюу Б.Аюушийг худалдан авснаа албан ёсоор зарлалаа. 

Өдгөө 19 настай Б.Аюушийн мэргэжлийн тоглогчийн замнал 2020 оноос эхэлж байв. 16 нас хүртлээ дунд түвшний дөрвөн багт тоглож байсан тэрбээр 2023 оны тавдугаар сарын 31-нээс "The MongolZ" багийн бүрэлдэхүүнд тоглож эхэлсэн юм. 

"The MongolZ" бүрэлдэхүүнд гурван жилийн хугацаанд тоглохдоо таван удаа дэлхийн аваргад оролцож, 2025 оны зохиогдсон "BLAST.tv Austin Major 2025" тэмцээний дэд байрт шалгарч байсан удаатай. Мөн тухайн жилээ CS2 тоглоомын олимп гэгддэг "Esports World Cup 2025" тэмцээнд түрүүлж байсан нэгэн юм. 

"BC Game Esports" багт манай улсын шилдэг тоглогч Senzu буюу М.Азбаяр өнгөрсөн сараас албан ёсоор нэгдсэн. Ийнхүү "The MongolZ" багийн хуучны андууд болох Senzu, mzinho хоёр дахин хамтдаа тоглохоор болж байна.

"BC Game Esports" багийн гүйцэтгэх захирал Али Муханнедийн энэхүү наймааны талаар ярихдаа "Б.Аюушийг багтаа элсүүлэхийн тулд М.Азбаяр маш их ятгасан" хэмээн дурджээ.

Ингэснээр тус багийн үндсэн тамирчид албан ёсоор бүрэлдэж, ирэх намраас олон улсын шинж чанартай томоохон тэмцээнүүдэд оролцохоор бэлдэж эхэлнэ. Одоогоор тус баг дэлхийн чансааны 908 дугаар байрт эрэмбэлэгдэж байгаа юм. Энэ нь манай улсын хоёр тоглогчид бүхнийг шинээр эхлэх боломж билээ. 

"BC Game Esports" багийн бүрэлдэхүүн: 

  • Украины "⁠s1mple⁠" буюу Александр  Костылиев
  • ОХУ-ын "electroNic" буюу Денис Шарипов
  • Монгол Улсын "⁠Senzu⁠" буюу Мөнхболдын Азбаяр
  • Дани улсын "⁠Magisk⁠" буюу Эмил Рейф
  • Монгол Улсын "mzinho" буюу Батболдын Аюуш, 
  • Польшийн "⁠TaZ⁠" буюу Виктор Войтас (дасгалжуулагч)