ФОТО: Төрийн далбааны өдөрт зориулсан цэргийн ёслолын жагсаал боллоо
Тулгар төрийн 2235, Их Монгол Улс байгуулагдсаны 820, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 115, Ардын хувьсгалын 105 жилийн ой, Монгол Улсын Төрийн далбааны өдөрт зориулсан цэргийн ёслолын жагсаал өнөөдөр /2026.07.10/ Төв талбайд боллоо.
Цэргийн хүндэтгэлийн ёслолд Монгол Улсын Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд болон парламентын гишүүд, төрийн цэргийн болон хууль сахиулга байгууллагын удирдлагууд, гаднын дипломат байгууллагын төлөөлөгчид хүндэт зочноор оролцов.
Төрийн далбаа нь Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлын бэлгэ тэмдгийн нэг юм.
Төрийн далбаанд дүрсэлсэн соёмбо тэмдэг нь Монгол Улс мандан бадарч, ард түмэн нь эв найрамдал, шударга ёсыг сахин, өнөр өтгөн, өнөд цэцэглэн хөгжихийн гүн гүнзгий утгыг агуулдаг билээ.
УИХ-аас 2008 онд төрийн бэлгэ тэмдэг болсон Төрийн далбаанд хүндэтгэлтэй хандах, төрт ёс, түүхэн уламжлалаа нандигнан өвлөх, үндэсний эв нэгдлийн бэхжүүлэх зорилгоор Төрийн далбааны өдөртэй болох хуулийг баталж, 2009 оноос жил бүрийн долоодугаар сарын 10-ны өдөр алтан соёмбот төрийн далбаанд хүндэтгэл үзүүлдэг уламжлалтай болсон билээ.
Энэ удаагийн хүндэтгэлийн цэргийн хүндэтгэлийн жагсаалд төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагын 4,400 гаруй алба хаагч, 90 гаруй тусгай зориулалтын зэвсэг, техник, байлдааны сөнөөгч онгоц, нисдэг тэрэг, тусгай зориулалтын техник хэрэгсэл оролцсон байна. Түүнчлэн батлан хамгаалах, аюулгүй байдлын салбарт шинээр нэвтрүүлсэн техник, тоног төхөөрөмж, Монгол Улсад дотооддоо үйлдвэрлэсэн хуягт болон хөнгөн байлдааны машин, нисгэгчгүй нисэх төхөөрөмжүүдийг олон нийтэд танилцуулжээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!

