Өмнөд Солонгосын Шинсэгэ группийн ерөнхийлөгч Старбаксын сурталчилгаатай холбоотой асуудлаар уучлал гуйлаа
Өнөөдөр өглөө Өмнөд Солонгосын Шинсэгэ группийн ерөнхийлөгч байгууллагынх нь бүрэлдэхүүнд багтдаг Старбакс Кореа компанийн зохисгүй маркетингийн кампанит ажилтай холбогдуулан олон нийтээс уучлал гуйжээ.
Шинсэгэ группийн E-Mart компанийн охин компани Старбакс Кореа компани өнгөрсөн долоо хоногийн Даваа гарагт “Tank Day” нэртэй кофены аяганы урамшуулал зарласан нь 1980 онд Гванжу хотод оюутнуудын бослогыг цус урсган дарсан эмгэнэлт үйл явдлын ойтой давхацсан юм.
Хэдийгээр компани "Танк" гэдэг үгийг танкер шиг их багтаамжтай аяга гэсэн утгаар хэрэглэсэн ч Гванжугийн бослогыг байлдааны танк ашиглан дарсан үйлдлийг санагдуулж байв.
Үүний улмаас Старбаксаар үйлчлүүлэхгүй байх хөдөлгөөн иргэдийн дунд өрнөж, Өмнөд Солонгосын ерөнхийлөгч И Жэ Мюн хүртэл зохисгүй агуулгатай сурталчилгаа явуулсан тус компанийг зэмлэн буруушааж байв.
Өнөөдөр Сөүл хотод болсон хэвлэлийн хурлын үеэр Шинсэгэ группийн ерөнхийлөгч Чун Ён Жин “Старбакс Кореа компанийн зохисгүй маркетинг олон хүнд гүн өвдөлт, уур хилэн мэдрүүлснийг би маш нухацтай авч үзэж байна. Үүний улмаас би чин сэтгэлээсээ уучлал гуйж байна” гэж хэлээд уг үйл явдлын бүх хариуцлагыг өөртөө бүрэн хүлээж авч буйг мэдэгджээ.
Олон нийтийн итгэлийг буцааж сэргээхийн тулд байгууллагын дотоод үйл ажиллагаа, эрсдэлийн удирдлагын системийг үндсээр нь шалгаж, нийгмийн хариуцлагатай холбоотой стандартыг дээшлүүлэхээ тэр бас амласан байна.
“Шинсэгэ группийн бүх ажилтан хүчин чармайлтаа нэмэгдүүлж, даруу төлөв хандлагаар алдаанаасаа суралцаж, бусдыг илүү их сонсож, үүрэг хариуцлагаа улам нухацтай авч үздэг болно” гэж Чун хэлжээ.
Таван минут орчим үргэлжилсэн хэвлэлийн хурлын үеэр тэр хэд хэдэн удаа толгойгоо гудайлган бөхийсөн байна.
Энэ нь 2024 оны гуравдугаар сард одоогийн албан тушаалдаа томилогдсон Чуны хувьд олон нийтээс уучлал гуйсан анхны тохиолдол юм.
Болсон үйл явдалтай холбогдуулан Шинсэгэ групп өнгөрсөн долоо хоногт Старбакс Кореа компанийн гүйцэтгэх захирлыг ажлаас нь чөлөөлсөн.
Одоо цагдаагийн байгууллага Старбакс Кореа компани сурталчилгаандаа “танк” гэдэг үгийг санаатай ашигласан эсэхийг мөрдөн шалгаж байгаа.
Дотоод мөрдлөгөөр үүнийг санаатай үйлдэл байсныг батлах баримт олоогүйгээ Шинсэгэ групп мэдэгдсэн ч цагдаагийн байгууллагатай хамтран ажиллахаа амлажээ.
Одоо “Tank Day” урамшууллын аяныг төлөвлөсөн таван ажилтан шалгагдаж байгаа юм байна. Хэрвээ тэд санаатай ийм зүйл хийсэн нь батлагдвал ажлаас нь чөлөөлж, хуулийн дагуу арга хэмжээ авахаа Шинсэгэ групп мэдэгджээ.
Эх сурвалж: Yonhap News
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
