ФОТО: Товлосон хуримаа хойшлуулаад "тостой тогоо"-руу үсэрсэн хотын шинэ дарга Б.Пүрэвдагва
Нийслэлийн ИТХ-ын ээлжит бус өнөөдрийн хуралдаанаар нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчид Б.Пүрэвдагвыг нэр дэвшүүлж, Ерөнхий сайдад уламжилсан.
Улмаар Ерөнхий сайд Н.Учрал түүнийг Улаанбаатар хотын 37 дахь даргаар батламжилж, ЗГХЭГ-ын тэргүүн дэд дарга Б.Батцэцэг хотын даргын тамгыг хүлээлгэн өгсөн.
Б.Пүрэвдагва нь 2010 оноос МАН-ын бүсийн зохицуулагчаар ажлын гараагаа эхэлж, нам доторх бүхий л шат дамжлагаар явсан нэгэн юм. 2017 оноос намын дээгүүр албан тушаалуудад томилогдож эхэлсэн бөгөөд 2021 оноос тэрбээр МАН-ын Намын байгуулалтын газрын даргаар дөрвөн жилийн хугацаатай ажиллажээ.
Улмаар 2025 оноос Монгол Ардын Нам Нарийн бичгийн даргаар ажиллаж байгаад Улаанбаатар хотын даргаар томилогдож буй нэгэн юм. Мөн 2020-2024 онд НИТХ-ын төлөөлөгчөөр сонгогдож байсан байна.
"Би зургаадугаар сарын 18-нд хуримаа төлөвлөчихсөн байсан. Гэнэт энэ гарч ирээд хуримыг хүртэл цуцалж байна"
Мөн тэрбээр хотын даргаар томилогдсоны дараа хэвлэлд өгсөн ярилцлагын үеэр хувийн амьдралынхаа талаар ярилаа. Улаанбаатар хотын дарга Б.Пүрэвдагва "Би нэг зүйлд хариулт өгөхгүй бол болохгүй нь, ерөнхийлөгчтэй холбоод маш их бичиж байна.
Би ерөнхийлөгчийн том охинтой хамтарч амьдарч байсан нь үнэн. Гэхдээ энэ 11 жилийн өмнөх асуудал. Намайг улс төрд гарч ирэнгүүт энэ асуудлыг дэвэргээд байдаг. Одоо аль аль нь гэр бүлээ зохион байгуулаад явж байгаа залуу гэр бүл. Хоёр залуу гэр бүлийн асуудал яригдаж байгаа учраас хүндэтгэлтэй хандахыг хүсэж байна.
Би зургаадугаар сарын 18-нд хуримаа төлөвлөчихсөн байсан. Гэнэт энэ гарч ирээд хуримыг хүртэл цуцалж байна. Хань ижлээсээ уучлалт хүсье, амьдралынх нь хамгийн гоё мөчийг хойшлуулчихлаа" гэв.
фото:
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!

