"Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацаа 4 жил байна" гэдэг заалт Үндсэн хууль зөрчсөн болохыг ТББХ-ны гишүүд хүлээн зөвшөөрөв

А.Төгөлдөр, iKon.mn
0 минутын өмнө
IKON.MN
Зураг зураг

Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг Монгол Улсын Үндсэн хуулийг зөрчсөн эсэх маргааныг хянан шийдвэрлэсэн тухай Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2026 оны 04 дүгээр дүгнэлтийг хэлэлцлээ. Уг дүгнэлтийн талаар УИХ-ын гишүүн Ц.Сандаг-Очир танилцуулсан юм.

Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2026 оны тавдугаар сарын 8-ны өдрийн дунд суудлын хуралдаанаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг Монгол Улсын Үндсэн хуулийг зөрчсөн эсэх маргааныг хянан хэлэлцжээ.

Тус хуралдаанаас Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацаа Үндсэн хуулийн гучдугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 4 жил байна.” гэж заасны “… 4 жил …” гэсэн нь Монгол Улсын Үндсэн хуулийн Гучдугаар зүйлийн 2 дахь хэсгийн “Ерөнхийлөгчөөр … зургаан жилийн хугацаагаар зөвхөн нэг удаа сонгоно.” гэснийг зөрчсөн гэж шийдвэрлэж, Үндсэн хуулийн цэцийн 2026 оны 04 дүгээр дүгнэлтийг гаргав. Уг дүгнэлтээр Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “… 4 жил …” гэж заасныг мөн өдрөөс эхлэн түдгэлзүүлсэн байна.

Танилцуулгатай холбогдуулан УИХ-ын гишүүн Л.Гантөмөр, О.Алтангэрэл нар байр сууриа илэрхийлсний дараа санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацаа Үндсэн хуулийн гучдугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 4 жил байна.” гэж заасны “... 4жил ...” гэсэн нь Монгол Улсын Үндсэн хуулийн Гучдугаар зүйлийн 2 дахь хэсгийн “Ерөнхийлөгчөөр ... зургаан жилийн хугацаагаар зөвхөн нэг удаа сонгоно.” гэснийг зөрчсөн байна гэснийг хүлээн зөвшөөрөх нь зүйтэй гэж үзлээ.