Евразийн Эдийн Засгийн Холбоотой байгуулсан худалдааны түр хэлэлцээр энэ оны долдугаар сарын 22-ноос хүчин төгөлдөр мөрдөгдөнө
Монгол Улсын Эдийн засаг, хөгжлийн яам болон Евразийн эдийн засгийн комисс хамтран 2026 оны тавдугаар сарын 22-нд цахим уулзалт зохион байгуулж, Монгол Улс болон Евразийн Эдийн Засгийн Холбоо(ЕАЭЗХ), түүний гишүүн орнууд хооронд байгуулсан Худалдааны түр хэлэлцээр хүчин төгөлдөр болохтой холбоотой хамтарсан мэдэгдэлд гарын үсэг зурах арга хэмжээг зохион байгуулжээ.
Арга хэмжээний үеэр Евразийн эдийн засгийн комиссын зүгээс ЕАЭЗХ-ны бүх гишүүн улс тус хэлэлцээрийг дотоодын хууль тогтоомжийн дагуу соёрхон баталж, шаардлагатай дотоод процедурыг бүрэн дуусгасныг мэдэгдсэн албан ёсны ноот бичгийг Монгол Улсаас Оросын Холбооны Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт элчин сайд Д.Даваад гардуулан өгөв.
Энэ үеэр талууд “Монгол Улс, Евразийн эдийн засгийн холбоо, түүний гишүүн орнууд хооронд байгуулсан Худалдааны түр хэлэлцээрийн хэрэгжилтийг хангах үйл ажиллагааны хамтарсан замын зураглал”-ыг баталгаажуулж, тус замын зураглалын дагуу хэлэлцээрийг үр дүнтэй хэрэгжүүлэх, холбогдох байгууллагуудын хамтын ажиллагааг эрчимжүүлэх чиглэлээр нягт хамтран ажиллахаа илэрхийлэв.
Тус арга хэмжээнд Монгол Улсын Эдийн засаг, хөгжлийн яамны болон Евразийн эдийн засгийн комиссын удирдлагууд, Монгол Улсаас Оросын Холбооны Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд, Монгол Улсад суугаа Оросын Холбооны Улс, Бүгд Найрамдах Беларусь Улс, Бүгд Найрамдах Казахстан Улс болон Бүгд Найрамдах Киргиз Улсын Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд нар байлцлаа.
Энэхүү хэлэлцээр нь Монгол Улсын экспортын бараа бүтээгдэхүүнийг 180 сая гаруй хүн амтай ЕАЭЗХ-ны зах зээлд илүү таатай нөхцөлөөр экспортлох боломжийг бүрдүүлэхийн зэрэгцээ худалдааны саад тотгорыг бууруулах, бизнесийн орчныг сайжруулах, худалдаа, хөрөнгө оруулалт, үйлдвэрлэлийн хамтын ажиллагааг өргөжүүлэх чухал ач холбогдолтой юм. Түүнчлэн Монгол Улсын бүс нутгийн эдийн засгийн интеграцад оролцох оролцоог нэмэгдүүлж, экспортын бүтэц, зах зээлийг төрөлжүүлэхэд бодит дэмжлэг үзүүлэх юм гэж Эдийн Засаг, Хөгжлийн Яамнаас мэдээлэв.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!

