АНУ, Израилийн талууд гал зогсоох тохиролцоогоо зөрчсөн тул Ормузын хоолойг нээх боломжгүйг Ираны удирдагч мэдэгдэв
АНУ болон Израилийн талууд гал зогсоох тохиролцоогоо илт зөрчсөн тул Ормузын хоолойг нээх боломжгүйг Ираны гол хэлэлцээрч Лхагва гарагт мэдэгджээ.
Тухайлбал АНУ-ын тэнгисийн цэргийн хүчин Ираны боомтуудыг бүслэн хаасан, Израилийн арми Ливанд байлдааны ажиллагаа явуулж байгаа зэрэг нь тохиролцоогоо зөрчсөн хэрэг болохыг Ираны парламентын спикер Мохаммад Багер Галибаф сошиал хуудсаараа мэдэгдсэн байна.
Харин Ираны ерөнхийлөгч Масуд Пезешкиан тус улс яриа хэлэлцээнд нээлттэй хэвээр байгаа ч “амлалтаа зөрчих, бүслэн хаах, заналхийлэх үйлдлүүд нь үүнд саад болж буйг” хэлжээ.
Хэдийгээр Пакистаны зуучлагчид идэвхтэй ажиллаж байгаа ч одоогоор АНУ, Ираны хооронд шинэ ээлжийн яриа хэлэлцээ эхлэх төлөв харагдахгүй байна.
Мягмар гарагийн орой АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп гал зогсоох тохиролцоог тодорхойгүй хугацаагаар сунгаж байгаагаа зарласан. Өмнөх хугацаа Лхагва гарагт өндөрлөсөн юм.
Цагаан ордны хэвлэлийн төлөөлөгч Кэролин Ливитт сунгасан хугацаанд ямар нэг хязгаар байхгүйг сүүлд тайлбарласан.
Ираны боомтуудыг бүслэн хаасан АНУ-ын тэнгисийн цэргийн хүчний ажиллагаанд Трамп сэтгэл хангалуун байгаа тул Тегераны эрх баригчдын тэвчээрийг барагдтал хүлээхээр шийдсэн гэнэ.
“Одоо хөзөр ерөнхийлөгч Трампын гарт байна” гэж Ливитт энэ талаар тайлбарлажээ.
Лхагва гарагийн өглөө Ираны тал Ормузын хоолойд зөвшөөрөлгүй орж ирсэн ачааны хоёр хөлгийг шалгахаар саатуулснаа мэдэгдсэн юм.
Үүнээс өмнө Ираны тал хоолойд нэвтэрсэн ачааны гурван хөлөгт довтолсон тухай мэдээ ирж байв.
Тэдний нэг болох Арабын Нэгдсэн Эмират улсын эзэмшлийн Euphoria хөлөг Ираны эргээс баруун зүгт 15 км орчим зайд халдлагад өртсөнийг эх сурвалж мэдээлжээ.
Гэхдээ уг халдлагын улмаас хөлөг гэмтээгүй, хүн хүчний хохирол амсаагүй бөгөөд одоо Арабын Нэгдсэн Эмиратын боомтод зангуугаа буулгаад байгаа гэнэ.
Ираны тал Euphoria хөлгийн талаар ярихгүй байгаа бол халдлагад өртөж, гэмтсэн нөгөө хоёр хөлөг болох MSC Francesca, Epaminondas-ийг олзлон авснаа мэдэгдсэн байна.
Тэдгээрийг зөвшөөрөл авалгүйгээр Ормузын хоолойд нууцаар нэвтрэхийг завдсан гэж буруутгажээ.
Энэ мэт дүрэм зөрчсөн ямар ч үйлдлийн эсрэг хатуу арга хэмжээ авахаа Ираны тал анхааруулсан байна.
Лхагва гарагт АНУ-ын батлан хамгаалах яам тус улсын тэнгисийн цэргийн хүчний командлагч албан тушаалаасаа огцорч байгааг зарлажээ.
Жон Феланыг огцруулах болсон шалтгаанаа тайлбарлаагүй байна.
Хэдхэн долоо хоногийн өмнө Пентагоны тэргүүн Пит Хэгсэт зэвсэгт хүчний жанжин штабын дарга Рэнди Жоржид албан тушаалаасаа огцрох шаардлага хүргүүлж байв.
Энэ бүхнээс харвал Трампын засаг захиргааны цэргийн гол албан тушаалтнуудын дунд Ираны дайнтай холбоотой санал зөрөлдөөн байгаа бололтой.
Эх сурвалж: BBC
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
