ОХУ манай улсад дотоодын зах зээлийн үнээрээ түлш нийлүүлэхээ илэрхийлжээ

М.Батчимэг, ikon.mn
17 минутын өмнө
IKON.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням ОХУ болон Бүгд Найрамдах Казахстан улсад ажилласан үр дүнгийнхээ талаар Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учралд мэдээлэл өгсөн талаар Засгийн газраас мэдээлэв.

Казахстан улс манай улсад жилд нэг сая тонн түүхий нефть нийлүүлэхэд бэлэн гэдгээ илэрхийлж, санамж бичиг байгуулсан байна. 

Мөн Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням ОХУ-ын Засгийн газрын тэргүүн болон холбогдох хүмүүст Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учралын албан захидлыг уламжилжээ.

Улмаар ОХУ-ын Эрчим хүчний сайд С.Е.Цивилев, “Роснефть” компанийн захирал Игорь Сечин, “Газфромнефть” компанийн захирал А.Дюков нартай уулзаж, үүсээд байгаа нөхцөл байдлыг даван гарах чиглэлээр ярилцсаны үр дүнд зарчмын тохиролцоонд хүрсэн байна. 

Тодруулбал ОХУ дотоодын зах зээлийн үнээрээ түлш нийлүүлэхээ илэрхийлжээ. Ингэснээр ирэх тавдугаар сард түлш, шатахууны үнэ өсөхгүй гэдгийг Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням мэдэгдэв.