ФОТО: УИХ-ын чуулганы хуралдааны нэг өдөр...
Улсын Их Хурал(УИХ)-ын чуулганы Пүрэв гарагийн хуралдаан өндөрлөлөө.
Өнөөдрийн хуралдаанаар Эд эс, эрхтэн шилжүүлэн суулгах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж, эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Байнгын хороонд шилжүүлэв.
Мөн Худалдаа, аж үйлдвэрийн танхимын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэх эсэхийг хэлэлцсэн. Гишүүд асуулт асууж, хариултаа авч дууссанаар санал хураах байсан ч Ардчилсан Намын бүлгээс тав хоногийн завсарлага авснаар уг хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг ирэх долоо хоногийн Пүрэв гарагт шийдэхээр болж байна.
Төрийн байгуулалтын байнгын хорооны даргаар УИХ-ын гишүүн Б.Жавхланг, Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хорооны даргаар УИХ-ын гишүүн П.Ганзоригийг томилов
Хуралдааны төгсгөлд “Зарим Байнгын хорооны даргыг сонгох, чөлөөлөх тухай” асуудлыг хэлэлцсэн.
Энэ талаарх Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Б.Баярбаатар, Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн П.Наранбаяр нар тус тус танилцуулсан.
Байнгын хорооны санал, дүгнэлтэд Төрийн байгуулалтын байнгын хорооны даргаар Улсын Их Хурлын гишүүн Б.Жавхлан, Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хорооны даргаар П.Ганзориг нарыг сонгохыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх тус тус дэмжсэн гэдгийг дурдсан байлаа.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан асуулт асууж, үг хэлэх гишүүн байсангүй. Иймд Төрийн байгуулалтын байнгын хорооны даргаар Улсын Их Хурлын гишүүн Б.Жавхланг сонгох, эсэх санал хураалтыг явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн 61.7 хувь, Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хорооны даргаар Улсын Их Хурлын гишүүн П.Ганзоригийг сонгохыг хуралдаанд оролцсон гишүүдийн 64.9 хувь нь тус тус дэмжлээ.
Эцэст нь “Зарим Байнгын хорооны даргыг сонгох, чөлөөлөх тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг баталсанд тооцсон юм. Үүгээр чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаан өндөрлөв хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.
Хүн амын эрүүл мэнд болон эдийн засаг, бизнесийн орчинд чухал нөлөөтэй хоёр хуулийн төслийг хэлэлцсэн УИХ-ын чуулганы нэг өдөр гэрэл зурагт хэрхэн буусныг хүргэе.
ФОТО:
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
