Нэг компьютерыг зургаан хүн ашигладаг зэрэг хүнд нөхцөлд нийслэлийн ШШГГ-ын алба хаагчид ажиллаж байна
Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Амарсайхан ШШГЕГ-ын газрын харьяа Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, Банкны төлбөр барагдуулах газрын ажилтан албан хаагчидтай уулзжээ.
Анх 80 хүний багтаамжтай баригдсан барилгад 320 гаруй албан хаагч ажилладаг.
Алба хаагчдын ажлын ачаалал их, ажиллах орчин нөхцөл, стандарт зөрчигдсөн, нэг өрөөнд 5-8 хүн, зарим тохиолдолд нэг компьютерыг зургаан хүн ашигладаг зэрэг хүнд нөхцөлд Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын алба хаагчид ажиллаж байгааг Хууль Зүй, Дотоод Хэргийн Яамнаас мэдээллээ.
Иймд ХЗДХ-ийн сайд С.Амарсайхан асуудлыг богино хугацаанд, нөхцөл боломждоо тааруулан сайжруулах үүднээс НШШГГ-ын хэлтсүүдийг нийслэлийн 9 дүүрэг, нэг цэгийн төвүүдэд шилжиж ажиллах зохицуулалтыг хийх үүрэг даалгаврыг холбогдох албан тушаалтнуудад өглөө. Ингэснээр замын ачаалал буурч, төрийн үйлчилгээ иргэдэд хүрч ажиллах боломж бүрдэх юм.
Мөн төр, хувийн нууцаас бусад мэдээллийг хуулийн хүрээнд цахимд шилжүүлж, ил тод нээлттэй болгох ажлыг эрчимжүүлэхийг даалгасан байна.
Ингэснээр шүүхийн шийдвэр гарсан өдрөөс хойш шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусах хүртэлх бүх процессыг шилэн болж, хувь хүний нууцаас бусад мэдээлэл, хавтас хэрэг цахимжиж, архивлагдан, нэгдсэн системд холбогдох боломж бүрдэх аж.
Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Амарсайхан ШШГГ-ын удирдлагуудад шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулахдаа хүний эрхийг дээдлэх, хэн нэгэн эрх мэдлээ урвуулан ашиглахаас сэргийлж зөвхөн хуулийн хүрээнд ажиллах, алба хаагчдын харилцаа ёс зүйн зөрчилд онцгой анхаарч, иргэдэд түргэн шуурхай, хүнд сурталгүйгээр төрийн үйлчилгээ үзүүлэхийг анхаарууллаа.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!




