Унгар улс хоригоо цуцалснаар Украинд олгох 90 тэрбум еврогийн зээлээ Европын Холбоо баталлаа
Унгар улс хоригоо цуцалсны дараа Украинд олгох 90 тэрбум еврогийн зээлээ Европын Холбоо өчигдөр баталжээ.
Мөн эзлэн түрэмгийлэх дайн өдөөсөн Оросын эсрэг ээлжит хориг арга хэмжээгээ баталсан байна.
Уг арга хэмжээг оны эхнээс эхлэн бэлтгэж, дайны дөрвөн жилийн ойг тохиолдуулан хоёрдугаар сард батлах гэж байсан ч Унгар, Словак улсуудын тавьсан хоригийн улмаас хойшлоод байсан юм.
Европын Холбоо шийдвэрээ бүх гишүүн орнуудын нэгдсэн саналаар баталдаг.
Унгар, Словак улсуудын Оросын газрын тосыг авдаг хоолой гэмтсэнтэй холбоотой маргаан Украины зээлд саад болсон юм.
“Дружба” дамжуулах хоолой Оросын нисгэгчгүй онгоцны халдлагын улмаас гэмтсэнийг Украины тал мэдэгдэж байсан бол Унгар, Словак улсууд зээлийг нь саатуулсны хариуд Киевийн эрх баригчид гэмтлийн засварыг зориуд удаашруулсан хэмээн буруутгаж байв.
Дайнд нэрвэгдсэн Украины эдийн засгийг дэмжих, Оросын түрэмгийллийн эсрэг тэмцлийг үргэлжлүүлэхэд 90 тэрбум еврогийн зээл амин чухал хэрэгтэй байгаа.
Словакийн ерөнхий сайд Роберт Фико хоолойгоор газрын тос нийлүүлэгдэж эхэлсний дараа Украины зээлийн багцыг дэмжихээ илэрхийлжээ.
Харин хоолой хэвийн ажиллаж байх үед ч Украиныг дэмжих Европын Холбооны арга хэмжээнд хориг тавьж байсан Унгарын ерөнхий сайд Виктор Орбан саяхан болсон парламентын сонгуульд ялагдал хүлээсэн нь асуудлыг гацаанаас гаргасан юм.
Европын Холбооны 27 гишүүн улс өмнө нь Украины зээлийг Оросын битүүмжлэгдсэн хөрөнгөөр санхүүжүүлэх төлөвлөгөөтэй байсан ч уг хөрөнгийн ихэнхийг хадгалдаг Бельги улс эсэргүүцсэний улмаас хэрэгжээгүй.
Арванхоёрдугаар сард Чех, Унгар, Словакаас бусад гишүүн орнууд олон улсын санхүүгийн зах зээлээс Украины зээлийг босгохоор тохиролцож байв. Дээрх гурван улс бусад гишүүн орнуудын энэ хүчин чармайлтад саад хийхгүйгээ амлаж байжээ.
Гэвч Европ дахь Путиний хамгийн ойрын холбоотон гэгддэг Унгарын ерөнхий сайд Виктор Орбан уг үйл явцад ганцаараа хориг тавьж, саатуулсан юм.
Тэрбээр дөрөвдүгээр сарын 12-ны өдөр болох парламентын сонгуульд ялахын тулд уг асуудлыг кампанит ажилдаа хөшүүрэг болгон ашиглаж байлаа.
Пүрэв гарагт батлагдсан ээлжит багц хориг нь Оросын газрын тосны далайн тээвэрлэлтэд үйлчилгээ үзүүлэхийг хориглож, банк санхүү, худалдааны салбарыг онилж байгаа юм байна.
Уг хоригийг дайны дөрвөн жилийн ойтой давхцуулан хоёрдугаар сард батлах гэж байсан ч Унгар, Словакийн хоригийн улмаас хойшилж байжээ.
Эх сурвалж: Associated Press
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
