Эль Сальвадор улсад гэмт хэргийн бүлэглэлийн 486 гишүүний хэргийг нэгдсэн байдлаар шүүж байна

С.Мөнхцэцэг, ikon.mn
3 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг

Мягмар гарагт Төв Америкийн Эль Сальвадор улсад гэмт хэргийн бүлэглэлийн 486 гишүүний хэргийг зэрэг шүүх хурал эхэлжээ.

Энэ нь тус улсын ерөнхийлөгч Найиб Букелегийн санаачилсан зохион байгуулалттай гэмт хэргийн бүлэглэлүүдтэй тэмцэх ажлын хүрээнд болж буй хамгийн том шүүх хурал юм.

Мара Сальватруча буюу MS-13 гэж нэрлэгддэг бүлэглэлийн гишүүдийн 2012-2022 оны хооронд үйлдсэн аллага, фэмисид, луйвар, зэвсгийн наймаа зэрэг 47,000 гаруй гэмт хэргийг энэ хурлаар шүүж байна.

Эль Сальвадорын ерөнхийлөгч 2022 онд анх онц байдал зарласан бол түүнээс хойш хэд хэдэн удаа шинэчлэн сунгаж байв.

Энэ хугацаанд хууль хүчний байгууллагууд 91,500 гаруй хүнийг баривчилсан юм.

зураг
 

Ийм олон хүний хэргийг шүүхэд маш урт хугацаа, хөрөнгө мөнгө шаардахаар байсан тул тус улсын парламент “масс шүүх хурал” явуулахыг зөвшөөрсөн хуулийг баталж байжээ.

Хүний эрхийн байгууллагууд яллагдагчдыг хохироож болзошгүй уг аргыг шүүмжилсээр байгаа.

Хэд хэдэн гэмт хэрэгт буруудсан ганц яллагдагч давхардсан ялаар 245 хүртэл жил шоронд хоригдох шийтгэл хүлээх боломжтой байгаа юм.

Ерөнхийлөгч Букелегийн засгийн газар гэмт хэрэгтэй хийсэн хатуу тэмцэл нь үр дүнгээ өгч, 2022 онд 100,000 хүн тутамд 7.8 хүн амины хэрэг оногдож байсан бол өнгөрсөн онд 1.3 болж буурсныг мэдээлж байна.

 

Эх сурвалж: Reuters