ФОТО: Астана хотноо Чингис хаан, Зүчи хаан, Сүбээдэй жанжны хөрөг бүхий уран зургийн үзэсгэлэнг дэлгэв
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Казахстан Улсад энэ сарын 20-23-ны хооронд төрийн айлчлал хийгээд эх орондоо ирлээ.
Уг айлчлалын үеэр Монгол зураг 21 арт галерейн уран бүтээлээс Алтан ордны улсын эх суурийг тавьсан монгол хаадын үзэсгэлэн дэлгэв. Тухайлбал “Чингис хаан”, “Зүчи хаан”, “Сүбээдэй жанжин” зэрэг монгол хаадын хөрөг бүхий “Их хаад” уран зургийн үзэсгэлэнг дэлгэн толилуулав.
Энэхүү үзэсгэлэнд орчин үеийн реализмын чиглэлээр уран бүтээлээ туурвидаг Монгол улсын соёлын тэргүүний ажилтан Т.Одоны “Чингис хаан” хөрөг, авьяаслаг зураач А.Ууганбаярын “Джучи хаан”, болон “Субэдэй жанжин”-ы хөрөг бүхий тосон будгийн уран бүтээлүүд тавигдаж үзэгч олны мэлмийг мялаасан юм.
Уран бүтээлүүдэд түүхэн эх сурвалж, судалгаанд тулгуурласан дүрслэл, үндэсний хэв шинжийг орчин үеийн уран зурагт шингээн харуулсан байна. Үзэсгэлэн нь Монголын эзэнт гүрний түүхэн их хаад, жанждын дүр төрх, оюун санаа, эр зориг, удирдан манлайлах чадварыг уран сайхны өндөр түвшинд илэрхийлснээрээ онцлог харагдаж байлаа.
Зүчи хаан бол Чингис хааны ууган хүү. Зүчи хаан хожим Алтан ордны хэмээн нэрлэгдэх болсон улсыг үндэслэгч, анхны хаан нь билээ. Монголын эзэнт гүрний өрнөд хязгаарт 1224-1480 он хүртэл оршин байсан Алтан ордны улсын үндсийг Зүчи хаан тавьж, Бат хааны өргөтгөсөн юм.
Алтан ордны улс нь эзэнт гүрнийхээ бүрэлдэхүүнд газар нутгийн хувьд хамгийн томд орох ба хүн амын тоогоор Юань улсын дараа орж байв. Мөн Зүчи хааны бунхан Казахстан улсын нутаг дэвсгэрт, байгалийн маш үзэсгэлэнтэй газар байдаг.
Чингис хааны хөрөг:
Зүчи хааны хөрөг:
Сүбээдэй жанжны хөрөг:
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
