Умард Солонгосыг өдөөн хатгасных нь төлөө ерөнхийлөгч асанд 30 жилийн хорих ял оноох хүсэлтийг прокурорууд гаргав

С.Мөнхцэцэг, ikon.mn
5 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг

2024 онд Умард Солонгосын нийслэл Пёнян хот руу нисгэгчгүй онгоцнууд илгээх тушаал өгсөн үйлдэлд нь Өмнөд Солонгосын ерөнхийлөгч асан Юн Сүк Ёлд 30 жилийн хорих ял оноох хүсэлтийг прокурорын тусгай баг өнөөдөр өглөө гаргажээ.

Чо Ын Сүкийн ахалсан прокурорын баг бас батлан хамгаалахын сайд асан Ким Ён Хюнд ижил үндэслэлээр 25 жилийн хорих ял оноохыг шүүхээс хүссэн байна.

Юн Сүк Ёл нь 2024 оны арванхоёрдугаар сарын эхээр улс орондоо цэргийн дэглэм тогтоохыг завдаж, сүүлд энэ шалтгаанаар ерөнхийлөгчийн албан тушаалаас огцорсон юм.

Одоо тэр үүнээс гадна авлига, албан тушаалын хэд хэдэн хэргээр хоригдон шалгагдаж байгаа.

2024 оны аравдугаар сард Пёнян хот руу нисгэгчгүй онгоцнууд илгээх тушаалыг Юн Сүк Ёл зэвсэгт хүчиндээ өгсөн бөгөөд үүгээрээ Умард Солонгосыг өдөөн хатгаж, хариу үйлдлийг нь хоёр сарын дараа цэргийн дэглэм зарлахдаа үндэслэл болгон ашиглах зорилготой байжээ.

 

Эх сурвалж: Yonhap News