П.Ганзориг: Дараагийн боловсролын сайд хэн байх вэ, ХҮН нам аль салбарт орж ажиллах вэ гэдгийг эцэслэн шийдээгүй байна
УИХ-ын хаврын ээлжит чуулган эхэлсэн энэ өдөр /2026.03.16/ УИХ дахь ХҮН намын зөвлөл хуралджээ. Хуралдаанаар дараах гурван асуудлыг хэлэлцсэн байна. Үүнд:
- Хаврын чуулганы хүрээнд ХҮН намын зөвлөлийн баримталж ажиллах бодлого, чиглэл, хуулийн төслүүдийн талаар санал солилцов;
- УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах талаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн өргөн барьсан хуулийн төслийн талаар хэлэлцэж, холбогдох ажлын хэсэг байгуулан санал, дүгнэлт гаргаж ажиллахаар болов;
- Боловсролын сайд П.Наранбаяр өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөх хүсэлтээ өгсөн тул шаардлагатай тодруулга, мэдээллийг сонсов.
Хэлэлцсэн асуудлын талаар тус зөвлөлийн дарга П.Ганзориг дараах мэдээллийг өглөө.
Тэрбээр "П.Наранбаяр сайд өнгөрсөн Баасан гарагт чөлөөлөгдөх өргөдлөө өгсөн. Чөлөөлөгдөх хүсэлтийг Засгийн газрын хурлаар хэлэлцэж, шийдвэр гаргах ёстой. Одоо бол зөвшилцөх шатандаа явж байна. Дараагийн боловсролын сайдаар хэнийг томилох вэ, ХҮН нам аль салбарт орж ажиллах вэ гэдгийг эцэслэн шийдээгүй байна" гэв.
"Эрчим хүчний сайдад Т.Доржханд гишүүнийг томилогдож магадгүй гэдэг мэдээлэл бий. Энэ талаар танай зөвлөл ярилцсан болов уу" гэдэг асуултад "ХҮН нам 2024 оноос ХҮН нам Засгийн газарт хамтарч, шинэчлэл хийхээр зорьж байгаа салбаруудын нэг нь эрчим хүч. Энэ ч үүднээс манай намын бодлого Засгийн газрын мөрийн хөтөлбөрт орсон. Тиймээс зөвшилцлийн хүрээнд бас нэг яригдаж байгаа салбар эрчим хүч мөн" гэлээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!




