“Омни капитал” ББСБ-ын ТУЗ-ийн дарга Э.Пүрэвсүрэн: Гадаадын банк орж ирэхгүй бол Монголын санхүүгийн зах зээл томрох боломж хязгаарлагдмал
Монголд гадаадын банк оруулж ирэх асуудал үе үе сөхөгдөөд чимээгүй болсоор олон жил өнгөрчээ. Сүүлийн үед энэ талаар нэр бүхий хүмүүс цахим орчимд мэр сэр ярих болов. Энэ талаар ЦБОН компанийн ТУЗ-ийн дарга Э.Пүрэвсүрэнтай ярилцлаа.
-Сүүлийн жилүүдэд Монголд гадаадын банк оруулах асуудал бодлогын түвшинд их яригдаж байна. Та салбарын хүний хувьд энэ талаар ямар байр суурьтай явдаг вэ?
-Монголын банкны салбар сүүлийн 20 гаруй жилд нэлээд хөгжиж, улсын эдийн засгаас давж тэлсэн. Тодруулбал, банкны салбарын нийт актив 55–60 их наяд төгрөгөөр хэмжигдэж байгаа нь Монголын ДНБ-ээс ч давсан үзүүлэлт болохыг харуулж байна. Гэхдээ санхүүжилтийн бүтцийг харвал ихэнх эх үүсвэр нь дотоодын хадгаламжаас бүрдэж буй.
Нийт зээлийн санхүүжилтийн 70–80 хувь нь иргэдийн хадгаламж дээр суурилж байгаа энэ байдал нь эдийн засаг өсөж, санхүүжилтийн хэрэгцээ огцом нэмэгдэхэд тодорхой хязгаар бий болгодог. Ялангуяа, уул уурхай, дэд бүтэц, эрчим хүчний салбарт хэрэгжих томоохон төслүүдийн хөрөнгө оруулалт ихэвчлэн 500 саяас 2 тэрбум ам.долларт хэлбэлздэг. Энэ мэт томоохон төслүүдийг дотоодын банкууд дангаараа болон нийлээд ч санхүүжүүлэх эх үүсвэр хүрэлцэхгүй хүндрэлтэй.
Тиймээс гадаадын банк орж ирэх нь Монголын санхүүгийн зах зээлд шинэ эх үүсвэр, шинэ туршлага, шинэ стандарт авчрах стратегийн ач холбогдолтой гэж би үздэг.
-Монголд бизнесийн зээлийн дундаж хүү 15–20 орчим хувьтай байгаа. Энэ нь бүс нутгийн орнуудтай харьцуулахад өндөр дүн. Жишээлбэл, Зүүн өмнөд Азийн олон оронд бизнесийн зээлийн хүү 6–10 хувь орчим л байдаг.
Зээлийн хүү өндөр байгаагийн нэг шалтгаан бол банкуудын санхүүжилтийн эх үүсвэрийн өртөг өндөр байдагтай холбоотой. Хадгаламжийн хүүгийн түвшнээ дагаад банкны зээлийн хүү өндөр байх нь зайлшгүй юм.
Гадаадын банкуудын хувьд олон улсын санхүүгийн зах зээлээс урт хугацааны, хямд эх үүсвэр татах боломж нь нээлттэй учраас өөр улсын банк манай зах зээлд орж ирснээр хэд хэдэн давуу тал бий болно гэж хардаг.
Юу түрүүнд банкны салбарын өрсөлдөөн нэмэгдэнэ. Санхүүжилтийн эх үүсвэрийн өртөг буурахын зэрэгцээ урт хугацааны санхүүжилт нэмэгдэнэ.
Энэ нь яваандаа зээлийн хүү буурахад эерэг нөлөө үзүүлэх, цаашлаад бизнес эрхлэгчдэд маш том дэмжлэг болох боломж нэмэгдэнэ. Мөн дээрээс нь хадгаламжийн хүү дагаад буурна. Хадгаламжийн хүү буурсан тохиолдолд иргэд, хадгаламж эзэмшигчид өөр төрлийн тэр тусмаа хөрөнгийн зах зээлийн бүтээгдэхүүнүүдийг сонирхож эхэлнэ. Ингэснээр ганц банкны зах зээл хожих биш, бусад санхүүгийн зах зээлд ч эерэг нөлөө бий.
-Гадаадын банкууд ороод ирлээ гэж бодоход манай Монголын банкны зах зээлийн бүтэц ганхахгүй байж чадах болов уу?
-Монголд одоо үйл ажиллагаа явуулж байгаа арилжааны 13 арилжааны банк байгаагийн системийн гэж нэрлэгдэх тавд нь нийт активын 80 орчим хувь нь төвлөрсөн байдаг.
Манай улсын хувьд ч эергээр л нөлөөлнө. Гадаадын банк орж ирснээр дижитал банк, олон улсын төлбөр тооцоо, хөрөнгө оруулалтын банкны үйлчилгээ илүү хурдан хөгжих боломжтой. Олон улсын туршлагаас харахад ийм зах зээлд гадаадын банк орж ирэх нь өрсөлдөөнийг нэмэгдүүлж, үйлчилгээний чанарыг сайжруулахад хүргэдэг. Тухайлбал, Польш, Чех, Унгар зэрэг оронд 1990-ээд оноос хойш гадаадын банкууд идэвхтэй орж ирснээр банкны систем илүү тогтворжиж, технологийн хувьд илүү хөгжсөн.
Гагцхүү нэг юм дээр л анхаарах ёстой. Уг орж ирэх банк нь төрийн хувь эзэмшилгүй, хувийн банк шаардлагатай. Төрийн банк нь улс төрийн бодлого явуулах магадлалтай. Харин хувийн эзэмшилтэй банк нь арилжааны шинж чанараа л хөөхөөс өөр сонирхол байхгүй санагдана. Монгол иргэд маань гадаадууд банкаараа биднийг эзэлчихнэ гэдэг Параниод сэтгэлгээгээр энийг бодсоор олон жилийг үдлээ. Гадаадын банкийг хориглодог дэлхий дээр Хойд Солонгос, Куба, Иран гэх 3 улс л байна.
-Гадаадын банк орж ирэхэд Монголын эдийн засагт ямар бодит нөлөө үзүүлэх вэ?
-Дээр дурдсанчлан эерэг нөлөө бий болно гэдгийг дахиад хэлмээр байна. Манай улсын эдийн засаг бол уул уурхай, дэд бүтэц, эрчим хүчний томоохон төслүүдээс ихээхэн хамааралтай. Энэ трэнд, хэрэгцээ шаардлага нь ойрын хэдэн арван жилдээ тийм ч ихээр өөрчлөгдөхгүй болов уу. Тэгэхээр ийм төслүүдийн санхүүжилт ихэвчлэн олон улсын банкнуудын синдикат зээлээр хэрэгждэг.
Дэлхийд хэрэгжиж буй томоохон төслүүдийн санхүүжилтийн 60 гаруй хувь нь синдикат бүтэцтэй байдаг. Өөрөөр хэлбэл, хэд хэдэн банк хамтарч санхүүжүүлдэг гэсэн үг.
Хэрэв Монголд гадаадын банк идэвхтэй ажиллаад эхэлбэл төслийн санхүүжилтийн бүтэц сайжирна. Экспортын санхүүжилт өргөжиж, гадаадын хөрөнгө оруулалтын урсгал нэмэгдэнэ.
Энэ бүхэн эцсийн дүндээ эдийн засгийн өсөлтөд, эрчимтэй тэлэлтэд эерэг нөлөө үзүүлнэ.
-Таны бодлоор хууль эрх зүйн орчин гадаадын банк орж ирэхэд хэр бэлэн байгаа бол?
-Монголд банкны үйл ажиллагаа эрхлэхийг голчлон Банкны тухай хууль болон Монголбанкны журмууд зохицуулдаг. Хамгийн сонирхолтой нь Монгол улсад гадаад банк орж ирэхийг бүрэн хориглодоггүй. Одоогийн байдлаар гадаадын банк Монголд охин компани хэлбэрээр орж ирэх боломжтой. Гэвч хууль эрх зүйн орчны саад болон олон нийтийн саад гэж бид 2 ангилмаар байна.
Хууль эрх зүйн орчны хувьд Монгол банкны журмаар зохицуулан гадаадын банкийг орохыг хориглох маягтай байдаг. Мөн лиценз олголт нь улс төржсөн, тодорхой болон хатуу шаардлагатай. Манай Монголчууд гадаадын банкийг урьж залж авчрах ёстой байтал үнэрхсэн, биеэ хэт тоосон байдалтай зах зээлийн 36 жилийг үдсэн гэхэд болно. Мөн гадаад банкууд охин компани байгуулан Монголд орж ирэх нь тус банканд нэг илүү алхам, процессын төвөгшил, ажил нэмж байгаа нь дамжиггүй.
Манай улсын хувьд цаашид салбар банкны зохицуулалтыг тодорхой болгох, олон улсын стандарт нэвтрүүлэх, зохицуулалтын тогтвортой орчин бүрдүүлж чадвал зах зээлээ тэлэх илүү их боломж нээгдэнэ гэж бодож байна.
-Дотоодын банкуудын хувьд гадаадын банк орж ирэх нь эрсдэл үүсгэх үү?
-Энэ сэдэв дээр олон нийтийн саад бэрхшээл гэдэгтэй хамааруулж яримаар байна. Монголчууд болгоомжилж явсаар байгаад өдийг хүрсэн. Гэтэл дэлхий дээр 150 гаруй улс гадаадын банкийг оруулаад амьдраад болоод л байна. Банкаар эзлээд боолчлоод байсан юм харагдахгүй л байна. Энийг бол би Монголчууд бидний хэт хардах өвчин ба дотоодын арилжааны банкуудын эздийн зүгээс явуулж байгаа хар ПР гэж үздэг. Тэд гадаадаас банк ороод ирвэл эдийн засгийн аргаар Монголын эзэлзэнэ. Охид хүүхдүүд нь өмч хөрөнгөтэйгөө харийн хүнийх болно гэх мэт тархи угаалт явуулсаар ирсэн. Тэрэнд нь бид гэнэдэж итгэсээр олон жилийн алдагдсан боломжийг хуримтлуулаа. Гэтэл цаад санаа нь арилжааны хэдэн банк нь зээлийн зах зээлийн 90%-ийг эзэлдэг, банк бол Монголд хамгийн ашигтай бизнес болсон болон бусад маш том нөлөөллөө алдах вий гэсэн айдас байдаг байх.
Гадаадын банкууд ихэвчлэн томоохон корпорац, олон улсын худалдаа, төслийн санхүүжилтэд төвлөрдөг. Харин дотоодын банкуудын тухайд жижиг, дунд бизнес, иргэдийн банкны үйлчилгээнд илүү бат бэх суурьтайгаа үлддэг нь олон улсын туршлагаас харагддаг. Аль аль талууд нь хожоод явах боломж бүрэн бий. Иймээс үүнийг өрсөлдөөнөөс илүү санхүүгийн зах зээлийн цар хүрээ тэлэх боломж гэж харах нь зөв болов уу. Эцэст нь хэрэглэгч буюу Монголчууд л хожно.
-Тэгвэл хэрэглэгч талдаа гадаадын банк орж ирэх хамгийн том давуу тал юу байх вэ? Тодорхой тайлбарлаад өгөөч.
-Мэдээж хамгийн том давуу тал бол сонголт нэмэгдэх явдал. Наад зах нь олон улсын төлбөр тооцоо илүү хурдан болно, санхүүгийн бүтээгдэхүүний төрөл нэмэгдэнэ, үйлчилгээний стандарт сайжирна, банкны шимтгэл, зээлийн өртөг буурна. Энэ бүхэн хэрэглэгч талдаа хожоотой нөлөөллүүд мөн.
Түүнчлэн Монголд төдийлөн хөгжөөгүй байгаа зарим чухал үйлчилгээ хөгжинө гэж харж байгаа. Үүнд хувийн банкны үйлчилгээ, хөрөнгө удирдлага, хөрөнгө оруулалтын банк зэргийг нэрлэж болно. (private banking, wealth management, investment banking)
-Эцэст нь асуухад Монголд гадаадын банк оруулах хамгийн бодит гарц юу вэ?
-Миний бодлоор хамгийн зөв арга бол шат дараатай бодлого юм. Хамгийн эхлээд хууль эрх зүйн орчныг тодорхой болгох, түүндээ бат итгэлтэй зогсох. Нөгөө эрсдэл ба айдас бүхий асуудлуудаа тодорхой хязгаарлалт, нөхцөл болгон оруулах. Дараагаар нь Засгийн газрын холбогдох сайд, ерөнхий сайд нь түүнийгээ ил тод илэрхийлэх, гадаадын банкуудыг урих хэрэгтэй байна. “За бид ингээд ийм ийм ойлгомжтой нөхцөлөөр манай улсад банкны салбараа нээхийг урьж байна” гэх мэдэгдэл чухал гэж ойлгож байна. Олон улсад нээлттэй тендер явуулсан ч болно шүү дээ.
Хоёрдугаарт, гадаад банкуудыг бүх сегментэд өрсөлдүүлэхээс илүү корпорацын банк, олон улсын худалдааны санхүүжилт, экспорт импортын төлбөр тооцоо зэрэг тодорхой чиглэлд хязгаарлагдсан лицензээр ажиллуулах боломжийг судалж болно. Ингэснээр дотоодын банкны системд огцом нөлөөлөл үүсгэхгүйгээр олон улсын санхүүгийн үйлчилгээний чанар, төрөл нэмэгдэх дээр анхаарах.
Ерөнхийдөө гадаадын банк орж ирэх асуудлыг “дотоодын банкнуудтай өрсөлдөх” өнцгөөс бус, харин Монголын санхүүгийн зах зээлийн өрсөлдөөн, бүтээгдэхүүн үйлчилгээний чанарыг нэмэгдүүлэх, олон улсын санхүүгийн урсгалыг татах бодлогын нэг хэсэг гэж харж, үе шаттайгаар хэрэгжүүлэх нь хамгийн бодит гарц юм.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!

