ВИДЕО: Цамбагарав уулын мөстөл, мөсөн голын талбай сүүлийн 23 жилийн хугацаанд 19.5 хувиар багасжээ

М.Батчимэг, ikon.mn
1 цаг 52 минутын өмнө
IKON.MN

Хиймэл дагуулын мэдээ ашиглан сүүлийн 23 жилийн хугацаанд хийсэн талбайн өөрчлөлтийн зураглалаар Цамбагарав уулын мөстөл, мөсөн голын талбай 2002-2024 оны хугацаанд 19.5 хувиар багассан талаар Цаг уур, орчны шинжилгээний газраас мэдээллээ. 

Тодруулбал Цамбагарав уулын мөстөл, мөсөн голын талбай 2002 онд 73.5 км2 байсан бол 2024 онд 59.2 км2 болж багассан байна. 

Цамбагарав уул нь Монгол Алтайн нуруунд орших Монгол орны мөстөл, мөсөн гол бүхий 42 уулсын нэг аж. Баян Өлгий аймаг болон Ховд аймгийн заагт байрладаг. Далайн түвшнээс 4,208 м өндөр бөгөөд Монголын дөрөв дэх өндөр уул юм байна.  

Уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөллөөр Монгол орны мөстөл, мөсөн голын талбай эрчимтэй багассаар байгаа талаар Цаг уур, орчны шинжилгээний газраас мэдээлээд буй. 

Дулаарал эрчимтэй явагдаж, өндөр уулын мөнх цас, мөсөн гол их хэмжээгээр хайлсаар байвал тэндээс эх авах гол, мөрний урсцын хэмжээ буурдаг байна. Улмаар гол даган аж төрж буй иргэдийн амьжиргаа болон нийгэм, эдийн засагт олон тооны сөрөг үр дагавруудыг бий болгодог аж.