Зураг
Зураг
Индэр    
2021 оны 12 сарын 13
Зураг
iKon.mn сэтгүүлч

“Мөнх цас, мөсөн гол их хэмжээгээр хайлбал гол даган аж төрж буй иргэдийн амьжиргаанд маш их сөрөг нөлөөтэй”

Зураг
Гэрэл зургийг mpa.mn

Дэлхийн дулаарал ус зүйн системд хэрхэн нөлөөлж байгаа болон Монгол орны ус зүйн онцлогийн талаар МУИС-ийн Хэрэглээний Шинжлэх Ухаан, Инженерчлэлийн Сургуулийн багш, доктор, дэд профессор Д.Батсүрэнтэй ярилцлаа. 

Уур амьсгалын өөрчлөлтийн шалтгааныг байгалийн жамаар болон хүний хүчин зүйлийн нөлөөтэйгөөр явагдаж байна гэсэн хоёр үндсэн таамгийг судлаачид дэвшүүлдэг. Зарим судлаач байгалийн хувьсан өөрчлөгдөх үйл явц нь дулаарлыг бий болгож байна хэмээн үздэг бөгөөд үүнийг дэлхий хөгжлийнхөө явцдаа дулаарал болон хүйтрэлийн үе ээлжлэн явагдаж байгаа үзэгдлийн давтамжтай холбон тайлбарладаг. Өөрөөр хэлбэл, байгалийн жамаар хүйтэрч, дулаардаг бөгөөд XX зуун гарснаар дэлхий дулаарах процесс явагдаж байгаа гэсэн таамаг бий.

Нөгөө талд хүний үйл ажиллагаатай холбоотойгоор  буюу үйлдвэрлэлийн улмаас бий болсон хорт утаа, бохирдол, хийнүүдийн нөлөөгөөр тодорхой хэмжээний өндөрт хүлэмжийн хий бий болж агаар мандал руу орсон дулааныг гаргахгүй хүлэмж байдлаар бариад байгаа учраас дэлхий дулаарч байна. Энэ хоёр хүчин зүйлийн нийлбэр нөлөө нь дэлхийн дулаарлыг бий болгож байгаа хэмээн судлаачид санал нэгддэг. 


- Температурын өсөлт, хур тунадасны өөрчлөлт гэсэн хоёр үндсэн үзүүлэлтээр уур амьсгалын өөрчлөлтийг хэмждэг. Тэгвэл энэ дулаарал дэлхийн хэмжээнд ус зүйд хэрхэн нөлөөлж байна вэ?

- Дулаарал Хойд болон Өмнөд туйл дахь үргэлжилсэн томоохон мөстлөгүүд, мөн өндөр уулын мөнх цас, мөсөн голуудыг эрчимтэй хайлахад хүргэж байна. Зарим судлаач дэлхийн дулаарал энэ эрчмээрээ үргэлжилсээр байвал 2100 он гэхэд далайн усны түвшин 70-100 см-ээр өснө гэсэн тооцоо гаргасан. Дэлхийн ихэнх хотууд далайн эргийн нам дор газраар байрлаж байгаа энэ үед хотууд усанд автвал хүн ам эх газрын төв рүү шинжин суурьшиж, нягтаршил нэмэгдэнэ. Далайн эрэг орчмын нам дор газрууд усанд автаж томоохон өөрчлөлт гарна гэсэн судалгаа байдаг.  

Дараагийн нэг глобал асуудал нь цэвдэг хайлах юм. Тодруулбал, дэлхийн хойд хагасын ихэнх нутаг, ялангуяа Сибирь, Европ, АНУ, Канадын хойд хэсэг болон Монгол орны нутгийн хойд хэсгийн их хэмжээний цэвдэг хайлах магадлал өндөртэй болж байна. 

Цэвдэг нь газрын гүнд байгаа усны хөлдүү үеийг хэлж байгаа бөгөөд цэвдгийн давхарга хайлбал доор нь агуулагдаж байгаа их хэмжээний метан хий агаар мандалд дэгдэж, озоны давхаргыг цоолох аюултай. Газрын гадаргаас дээш 20-22 км-т озоны давхарга байдаг бөгөөд нарнаас ирж байгаа их хэмжээний хэт ягаан туяаг шүүж байгаа энэ давхарга цоорвол арьсны өвчин гэх мэт дараагийн бүр их ноцтой асуудлууд гарч эхэлнэ. 
 
Гэрэл зургийг mpa.mn

- Манай оронд дулаарал эрчимтэй явагдаж байгаа. Дулааралд их мэдрэмтгий, илүү өртөж байгаагийн шалтгаан нь юу вэ? Энэ нь нэн түрүүнд ямар өөрчлөлт дагуулж байна вэ?

- Монгол орны газар зүйн байрлал нь хэд хэдэн онцлогтой. Газар нутаг үндсэндээ өндөр уулсаар хүрээлэгдсэн. Баруун талдаа Алтайн нуруу, хойд хэсгээр Хөвсгөл, Хэнтийн уулс, зүүн талаар Хянганы уулсын тогтолцоо бий. Эдгээр өндөр уул нурууд нь чийглэг агаарын масс ирэх боломжийг хязгаарлаж байдаг. 

Түүнчлэн эх газрын төв хэсэгт оршдог бөгөөд далай тэнгисээс хол, хамгийн ойр нь 1,000 км зайтай. Тиймээс маш бага хэмжээний буюу жилд дунджаар 200-220 мм хур тунадас унадаг. 

Үндсэндээ Монгол орны нутаг дэвсгэр нь дэлхийн хагас хуурай болон хуурай бүс нутгийн томоохон төлөөлөл юм. Үүнээс гадна далайн түвшнээс дээш өндөрт өргөгдсөн байдал нь агаарын температурын жилийн дундаж хэмжээ бага байхад нөлөөлдөг. Эдгээр хүчин зүйл нь тухайн очинд амьдрах амьтан, ургамал, хөрс гэх мэт экосистемийг ихээхэн мэдрэмтгий болгож байгаа. 

Судалгаагаар манай оронд дулаарал дэлхийн дунджаас хоёр дахин эрчимтэй явагдаж буй. Дулаарлын улмаас ууршилт эрчимтэй явагдаж, газрын гадарга орчим илүү хуурай болно. Ялангуяа сүүлийн 30-50 жилд дулаарал маш эрчимтэй явагдсан. Дэлхийн дулаарлын шууд болон дам хүчин зүйлийн нөлөөгөөр цөлжилт, шар шороон шуурганы давтамж ихсэх, үер, хөрсний эвдрэл, доройтол, ган зуд гэх мэт маш олон сөрөг нөлөөлөл гарч байна. 

 
Монгол орны байгаль орчны төлөв байдлын тайлан 2017-2018

- Тэгвэл эрчимтэй дулаарал манай орны ус зүйд хэрхэн нөлөөлж байна вэ?

- Ус зүйд нөлөөлж байгаа хүчин зүйлсийг цогцоор нь авч үздэг. Ингэхдээ байгалийн хүчин зүйл нь юу байна, хүний ямар ямар хүчин зүйл байна гэдгээр нь ангилан судалж, гарч байгаа асуудлыг шийдвэрлэх гарцыг олно. 

Манай орны гол мөрнүүд Хойд мөсөн далай, Номхон далай, Төв Азийн гадагш урсгалгүй гэсэн үндсэн гурван ай савд хамаарагддаг. Гэтэл Алтай, Хангай, Хөвсгөлийн уулт тогтолцооны олонх гол мөрөн мөнх цас, мөсөн голоос эх авч урсдаг. Тэгэхээр дулаарал эрчимтэй явагдаж, өндөр уулын мөнх цас, мөсөн гол их хэмжээгээр хайлаад байвал тэндээс эх авах гол, мөрний урсцын хэмжээ буурна. Улмаар гол даган аж төрж буй иргэдийн амьжиргаанд маш их сөрөг үр дагавар гарах, улмаар хүрээлэн буй орчин, нийгэм, эдийн засагт олон тооны сөрөг үр дагавруудыг бий болгоно. 

Дэлхийн дулаарлаас үүдэлтэйгээр ус зүйн системд томоохон өөрчлөлт гарч байгааг олон улсын судлаачид тогтоогоод байгаа. Тухайлбал, газрын гадаргын хэв шинж хэрхэн өөрчлөгдөж байгааг сансрын зураг дээр боловсруулалт хийж, уур амьсгалын хүчин зүйлтэй нь холбож үзэхэд усархаг гадаргын хэмжээ сүүлийн жилүүдэд огцом буурч, өөрчлөлт ихтэй байгаа нь харагдаж байна. Үүнтэй зэрэгцэн намаг бүхий газрын хэмжээ нэмэгдсэн ч тодорхой хугацааны дараа буурч байгаа нь хөрс хатаж байгааг илтгэж байгаа юм. 

2021 оны нэгдүгээр сард хэвлүүлсэн “Study on Relationship of Land Cover Changes and Ecohydrological Processes of the Tuul River Basin”  буюу Туул голын сав газрын бүрхэвчийн өөрчлөлт ба экогидрологийн үйл явцын хамаарлын судалгаанаас үзвэл Туул голын сав газар дахь газрын бүрхэвчийн устай холбоотой бүрэлдэхүүн хэсгүүд хэрхэн өөрчлөгдөж байгааг харж болно.  

График: Туул голын сав газрын газрын бүрхэвчийн өөрчлөлт ба усархаг гадаргын холбоо хамаарал

 

Уур амьсгалын өгөгдөл болон сансрын зураг ашиглан тэдгээрийн холбоо хамаарлыг судалж үзэхэд, 2000-2010 онд усархаг гадаргын хэмжээ буурч, намгархаг талбайн хэмжээ нэмэгдэж байгаа нь харагдсан. Харин хур тунадасны хэмжээ нэмэгдэхэд усархаг болон намгархаг талбайн хэмжээ аль аль нь өссөн байгаа. Ер нь бол усархаг газрын талбайн хэмжээ буураад намаг бүхий талбайн хэмжээ өсөж байгаа нь удахгүй намаг хуурайшилтын нөлөөгөөр дахин хатаж  буурна гэсэн үг. Энэ нь тодорхой хугацааны дараа нийт ус бүхий талбай буурч байгааг харуулж байгаа юм. 

- Гадаргын болон гүний ус хэрхэн холбогддог вэ, гадаргын ус буурах нь гүний усны хэмжээнд ямар нэгэн байдлаар нөлөөлөх үү?

- Гадаргын усны урсац буурах болон хөрсний өнгөн хэсгийн чийг хурдтай уурших, удаан хугацаанд хуурай байсан газрын өнгөн хэсэг хуяглагдаж чийгийг удаан нэвтрүүлэх  зэргээс үүдэн доош нэвчих усны хэмжээ багасдаг. Ингэснээс гүний усны тэжээгдэл буурна. Гэтэл манай орны хувьд гүний усыг ихээр хэрэглэдэг ч дээр дурдсан шалтгаануудын улмаас гүний усны нөхөн сэргээгдэх байдал нь улам удааширч байна. 

Тухайлбал, хуурай бүс нутагт үйл ажиллагаа явуулж байгаа уул уурхайн компаниуд гүний усыг маш их хэмжээгээр хэрэглэж байгаа. Гэтэл хур тунадасны хэмжээ маш бага учраас нөхөн сэргээгдэх хурд нь хэрэглээний хурдыг гүйцэх боломжгүй гэсэн үг юм. Энэ нь тухайн бүс нутгууд урт хугацаандаа гүний усны хомсдолд орох аюултайг илтгэж байна. 

- Манай орон хагас хуурай, хуурай  уур амьсгалтайн дээр дулаарал эрчимтэй явагдаж байгаа нь эмзэг байдлыг бий болгоод байна. Энэ эмзэг байдлаас зайлсхийхийн тулд ялангуяа устай холбоотой эмзэг байдлыг бууруулахын тулд бид юу хийж чадах вэ?

- Байгалийн процессыг хүн хязгаарлах боломжгүй. Харин хүний нөлөөллийг бууруулах боломж бий. Тиймээс уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах чиглэлээр боловсруулсан олон улсын гэрээ, конвенц буюу системтэй үйл ажиллагаанд бүх улс орнуудыг идэвхтэй оролцохыг уриалдаг. Аль нэг улс орны үйлдвэрлэл, үйл ажиллагаанаас үүдэлтэй нөлөөлөл даян дэлхийн хэмжээнд хор уршиг дагуулж болно. Тэгэхээр хүн төрөлхтөн нэгдсэн нэг төлөвлөгөөтэйгөөр хүлэмжийн хийг бууруулах арга хэмжээг зохион байгуулах шаардлагатай болсон. 

Байгалийн процессыг хүн хязгаарлах боломжгүй. Харин хүний нөлөөллийг бууруулах боломж бий.

Нөгөө талаасаа бид өөрсдийн хэрэглээ болон ашиглалтын тал дээрээ менежмент хийж, зүй зохистой хэрэглээг бий болгох шаардлагатай. Ялангуяа усны ашиглалтыг зүй зохистой болгох, зөв хэрэглээг бий болгож усыг дахин ашиглах, илүү өндөр түвшинд цэвэрлэх дахин ашиглах тал дээр онцгой анхаарал хандуулах хэрэгтэй. 

Усны хэрэглээ, зөв ашиглалтын талаар хүчтэй нэгдсэн менежмент хэрэгжүүлэх нь ирээдүйд гарч болох олон сөрөг үр дагавраас урьдчилан сэргийлэх боломжтой. 

- Ярилцсанд баярлалаа.