Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/12/30-НД НИЙТЛЭГДСЭН

Нүдээр харж хэмжих боломжгүй агаарын бохирдлоос эрүүл мэндээ хамгаалах зөвлөмж

Г.Номин, iKon.mn
2021 оны 12 сарын 30
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

-2019 оны өгүүллийг дахин нийтлэв-


Агаарын бохирдол бол нүдээр харан хэмжих боломжгүй, эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй нь батлагдсан зүйл. Тиймээс бохирдлыг бодисууд хүний эрүүл мэндэд хэрхэн нөлөөлдөг талаар мэдээллийг бэлтгэлээ.

Агаарын бохирдол гэдэг нь агаарт байгаа жижиг тоос, тоосонцор (РМ2.5; PM10) нүүрстөрөгчийн дутуу исэл (СО),  азотын давхар исэл (N02), хүхэрлэг хий (S02) болон озон (03) зэрэг агаар бохирдуулагчийн хэмжээ ихсэн хүний эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөх хэмжээнд хүрэхийг хэлнэ.

Эдгээр хий байгалийн болон хүний үйл ажиллагаатай холбоотой үүсэх бөгөөд автомашин болон айл өрх, үйлдвэрийн яндангаас гарч буй, ялангуяа түүхий нүүрс түлэхэд гарах утаа нь агаар бохирдуулагч хий, тоосонцрыг их хэмжээтэй агуулж байдаг.

Тэгвэл агаар бохирдуулагч бодисууд эрүүл мэндэд хэрхэн нөлөөлдөг вэ?

 
Гэрэл зургийг mpa.mn

БОАЖЯ-наас гаргасан "Агаар бохирдуулагч бодисын тайлбарт" тоосонцор, хүнд металл, нүүрстөрөгчийн дутуу исэл, хүхрийн давхар исэл, Азотын давхар исэл нь эрүүл мэндэд хэрхэн нөлөөлдөг талаар оруулжээ.

РМ2.5, РМ10 тоосонцор

Хатуу, шингэн төлөвтэй, нарийн ширхэгтэй. 10 микрометрээс бага хэмжээтэй тоосны богино /1 -24 цаг/ ба урт хугацааны /хэдэн жилийн/ нөлөөлөл нь уушги, зүрхний өвчлөл, нас баралтад хүргэдэг. Зүрх, судасны өвчтэй болон амьсгалын замын архаг хууч өвчтэй хүмүүс, хүүхэд, өндөр настнууд, жирэмсэн эмэгтэйчүүд өртөх эрсдэл бусад хүнийхээс илүү өндөр байдаг.

Хүнд металл /хар тугалга, кадми/

Хүний биеийн уургийн бүтцийг өөрчилснөөр эд эсүүд өөрт хэрэгтэй тэжээл авах, хорт бодисыг гадагшлуулах, нөхөн төлжих үндсэн үйл ажиллагаагаа явуулж чадахгүй болдог.

Нүүрстөрөгчийн дутуу исэл

Өнгөгүй, үнэргүй хий. Түлшин дэх нүүрстөрөгч бүрэн шатаагүй үед үүсдэг. Нүүрстөрөгчийн дутуу исэл нь уушгиар дамжин, цусны эргэлтэд орж, эсэд хүчилтөрөгчийг зөөвөрлөдөг гемоглобинтой нэгдэн карбоксигемоглобин гэх нэгдэл үүсгэнэ. Энэ нь хүний эд эсэд хүчилтөрөгч зөөвөрлөх үйл ажиллагааг тасалдуулдаг тул бие организмыг хүчилтөрөгчийн дутагдалд оруулах хор нөлөөтэй. Зүрх судас, амьсгалын замын архаг хууч өвчтэй /зүрхний титэм судасны өвчтэй, цус багадалттай, уушгины архаг бөглөрөлттэй/ хүмүүс, нярай хүүхдүүд нүүрстөрөгчийн дутуу исэлд илүү өртөмтгий байдаг.

Хүхрийн давхар исэл SO2

Гуурсан хоолойн багтраа өвчтэй хүмүүс гадаа биеийн хүчний ажил хийх үед хүхрийн давхар исэлд их өртөмтгий байдаг. Амьсгалын замыг нарийсгах, амьсгалын замын өвчний тохиолдлыг ихэсгэх, уушгины хамгаалах механизмыг бууруулах, зүрх судасны архаг өвчнийг сэдрээдэг.
Шуухитнах, амьсгаа давчдах, амьсгал цочроосноос найтаах, ханиах зэрэг физиологийн хариу үйлдэл үзүүлнэ. Сөрөг нөлөө зогсоход уушгины үйл ажиллагаа цагийн дотор хэвийн байдалд орно.

Азотын давхар исэл NO2

Уушгины эдийг цочроох ба амьсгалын замын халдварт өвчинд өртөмтгий болно. Ингэснээр уушгины хамгаалах механизм буурч ханиад томуу тусах давтамжийг нэмэгдүүлэх, зүрх судасны архаг өвчнийг сэдрээнэ. Өнгөгүй, үнэргүй хий, агаар мандалд бор шаргал өнгөтэй харагддаг.
Зүрх судас, уушгины архаг өвчтэй хүмүүс, түүнчлэн хүүхдүүд, өндөр настнууд азотын давхар ислийн нөлөөнд эмзэг, мэдрэг байдаг.

Ураг, нярай хүүхэд, жирэмсэн эмэгтэйчүүд, өндөр настнууд эдгээр бохирдуулагч бодисын нөлөөнд илүү өртөмтгий байдаг ажээ. Тухайлбал,

  • Агаар бохирдуулагч бодисууд (РМ 2.5, РМ 10, S02, N02) нярайн төрөх үеийн жинг дунджаар 138 гр бууруулдаг.
  • РМ10, SO2 агууламж хүлцэх хэмжээнээс хоёр дахин нэмэгдэхэд жирэмсний тээлтийн дунд үе, сүүлийн саруудад 26-30 долоо хоногтойдоо дутуу төрөхөд хүргэдэг.
  • Мөн жирэмсэн эхчүүд РМ10, SO2 агууламж хүлцэх хэмжээнээс хэд дахин өндөр агаараар амьсгалах нь ураг амьгүй болоход нөлөөлдөг.

Агаарын чанарын индексийг зургаан түвшинд ангилдаг

 
Гэрэл зургийг mpa.mn

Тиймээс агаар дахь бохирдуулагчдын хэмжээ агаарын чанарын мэдээллийг тогтмол авч, эрүүл мэндээ хэрхэн хамгаалах зөв аргад суралцах шаардлага тулгарч байна.

Монгол Улсын стандартаар агаарын чанарын индексийг 6 түвшинд ангилах ба түвшин тус бүрд харгалзах индексийн тоон үзүүлэлт, өнгө тэмдэглэгээ, хүний эрүүл мэндэд үзүүлэх нөлөөллийн талаар мэдээллийг агуулдаг. 

АЧИ-ийн үзүүлэлтүүд ямар утгыг үзүүлж байгааг та тайлбараас харна уу.

0-50 ЦЭВЭР
Хүний эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй. Хэт мэдрэг хүмүүс эрүүл мэнддээ анхаарал тавих нь зүйтэй.

51-100 ХЭВИЙН
Агаарын чанарын стандарт хангана. Гэхдээ хэт мэдрэг хүмүүс эрүүл мэнддээ анхаарал тавих нь зүйтэй.

101 - 200 БАГА БОХИРДОЛТОЙ
Эрүүл мэндэд сөрөг нөлөө илэрнэ. Хэт мэдрэг хүмүүсийн эрүүл мэндэд сөрөг нөлөөлөл илэрнэ.

201 - 300 БОХИРДОЛТОЙ
Хүний эрүүл мэндэд сөрөг нөлөө илэрнэ. Хэт мэдрэг хүмүүсийн эрүүл мэндэд сөрөг нөлөөлөл илэрнэ.

301-400 ИХ БОХИРДОЛТОЙ
Хүний эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй. Удаан хугацаагаар гадаа байхад нийт хүн амын эрүүл мэндэд мэдэгдэхүйц сөрөг нөлөөтэй.

401-500 МАШ ИХ БОХИРДОЛТОЙ
Хүний эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй. Хүн бүр эрүүл мэндээ хамгаалах шаардлагатай.

"Лансет" сэтгүүлээс 2017 онд агаарын бохирдлыг дэлхий нийтийн орчны эрүүл мэндийн тулгамдсан асуудлаар тодорхойлжээ.

ДЭМБ-аас нийт хүн амын 92% нь бохирдолтой агаараар амьсгалж, 9 сая хүн агаарын бохирдлоос шалтгаалан нас бардаг гэсэн тооцоолол хийжээ. Мөн агаарын бохирдлоос шалтгаалсан зүрх судас, амьсгал болон мэдрэлийн тогтолцооны архаг өвчлөлүүд нэмэгдсээр байна.

Улаанбаатар хот нь дэлхийн хамгийн хүйтэн нийслэл бөгөөд манай улсын нийт хүн амын 50 орчим хувь нь Улаанбаатарт амьдарч байна. Нийслэлийн агаарын бохирдол өвлийн улиралд ДЭМБ-ын хүлцэх хэмжээнээс ойролцоогоор 50 дахин өндөр болж, 2018 оны байдлаар эмнэлэгт хэвтэн эмчлүүлэгчдийн өвчлөлийн тэргүүлэх шалтгаан нь амьсгалын тогтолцооны өвчин/10,000 хүн амд 466 тохиолдол/ байв. Эдгээр хүмүүсийн тал нь уушгины хатгалгааны улмаас дунджаар 7.5 өдөр хэвтэн эмчлүүлснийг Эрүүл мэндийн хөгжлийн төвөөс гаргасан тайланд дурджээ.

Агаарын чанарын мэдээг ойлгож, мэддэг болъё

Агаарын бохирдол нь нүдээр хараад болон хамраараа үнэрлээд хэмжих боломжтой зүйл биш бөгөөд өвчлөл их байгаа нөхцөлд агаарын чанарын мэдээг ойлгож мэдэх чадварт суралцах хэрэгтэй байна.

Агаарын чанарын мэдээллийг Agaar.mn, AirVisiual Breezometer waqi.info гэх мэт сайт, аппликейшн болон дотор, гадна орчинд байрлуулсан агаарын чанар хэмжигч төхөөрөмжөөс авах боломжтой.

Агаарын бохирдлоос хамгаалах зөвлөмж

  • Агаарын чанарын мэдээг тогтмол шалгах
  • Шүүлтүүртэй амны хаалт зүүх
  • Тамхинаас татгалзах
  • Агаарын бохирдолд өндөр үед гадуур гарахгүй байх
  • Гэр болон албан тасалгаандаа агаар цэвэршүүлэгчийг тогтмол 24 цагаар ажиллуулах
  • Шим тэжээлтэй эрүүл хүнс хэрэглэх
  • Хаалга цонхныхоо битүүмжлэлийг сайжруулах
  • Гэр болон албан тасалгаанд ургамал тарих
  • Ахуйн хэрэглээндээ хоргүй, аюулгүй цэвэрлэгээний бодис болон тавилга сонгох
  • Стандартын шаардлага хангасан зуух ашиглах
  • Гэр болон байшингийн дулаан алдагдлыг бууруулах


Европын холбооны санхүүжилтээр “Пипл ин нийд”/People in need/ ТББ нь Монголын Байгаль орчны иргэний зөвлөл, Монголын хуульч эмэгтэйчүүдийн холбоо, Гэр Иргэдийн Оролцоотой Амьдрах Орчин Зураглалын Төв ТББ-уудтай хамтран Амьсгалах эрх төслийг  хэрэгжүүлж байгаа ажээ.

Тус төслийн хүрээнд бэлтгэсэн "Агаарын бохирдлоос эрүүл мэндээ хамгаалах дадал" гарын авлагаас өгүүлэлд ашиглав.

Амьсгалах Эрх төслийн талаар мэдээллийг доорх сувгуудаар авах боломжтой.

Facebook: People in Need People in Need Mongolia
Twitter: @people_in_need
Youtube: Člověk v tísni
Web site: clovekvtisni.cz