Энэтхэг хүү гурван нас, долоон сар, 20 хоногтойдоо Олон Улсын Шатрын Холбооны (FIDE) албан ёсны зэрэг авснаар түүхэнд ийм үнэлгээтэй хамгийн залуу шатарчин болжээ.
Ингэснээр тэр өнгөрсөн оны арваннэгдүгээр сард гурван нас, найман сар, 19 хоногтойдоо албан ёсны зэрэг авсан нутаг нэгт Аниш Саркарын амжилтыг эвдэж байгаа юм байна.
Энэтхэгийн Мадхья Прадеш мужийн цэцэрлэгт хүмүүждэг Сарвагья Сингх Кушваха нь шатрын түргэвчилсэн тоглолтын 1,572 рэйтингтэй болжээ.
Ийм үнэлгээ авахын тулд FIDE-гийн рэйтингтэй ядаж нэг тоглогчийг ялсан байх шаардлагатай байдаг.
Одоогоор түргэвчилсэн тоглолтын төрөлд 2,824 рэйтингтэй Магнус Карлсен дэлхийд тэргүүлдэг юм.
“Хүү маань FIDE-ийн зэрэгт хүрсэн дэлхийн хамгийн залуу шатарчин болсон нь бидний хувьд маш том бахархал юм. Бид түүнийг их мастер болоосой гэж хүсэж байна” гэж Кушвахагийн аав Сиддхарт Сингх хэвлэлд ярьжээ.
Кушваха зэргээ хамгаалахын тулд өөрийн төрөлх муж болон Энэтхэгийн өөр бусад мужуудад болсон тэмцээнүүдэд FIDE зэрэгтэй гурван шатарчныг ялсан юм байна.
Энэтхэг бол шатрын их мастеруудын орон бөгөөд дэлхийн хамгийн сүүлийн аварга Гукеш Доммаражу, дэлхийн таван удаагийн аварга Вишванатан Ананд зэрэг алдартнуудыг төрүүлсэн юм.
Эх сурвалж: AFP
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!