Уншиж байна ...

"Монгол Улс төвийг сахисан улс биш үндэсний язгуур эрх ашиг, энхийг эрхэмлэсэн, нээлттэй олон тулгуурт, бие даасан тэнцвэрт гадаад бодлоготой"

М.Батчимэг, ikon.mn
3 минутын өмнө
IKON.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

УИХ-ын АБГББХ-оос зохион байгуулж байгаа "Евразийн аюулгүй байдал ба Монгол Улс” сэдэвт хэлэлцүүлэг өнөөдөр болж байна.

Энэ үеэр Хүмүүнлэгийн Ухааны Их Сургуулийн профессор, шинжлэх ухааны доктор Д.Уламбаяр "Монгол Улс төвийг сахисан улс биш  Монгол Улсын гадаад бодлого, үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал, цэргийн номлол, хоёр хөрштэй байгуулсан найрсаг харилцаа, хамтын ажиллагааны хэлэлцээр, иж бүрэн стратегийн тунхаглал зэрэг бүх баримт бичигт Монгол Улс төвийг сахисан гэх зүйл байхгүй.

Монгол Улс бол үндэсний язгуур эрх ашиг, энхийг эрхэмлэсэн, нээлттэй олон тулгууртай, бие даасан, тэнцвэрт гадаад бодлогыг явуулна гэж заасан байдаг. 

Уг бодлогынхоо хүрээнд идэвхтэй гадаад бодлогыг явуулж байна. Энэ хүрээнд сая болсон Шанхайн хамтын ажиллагааны дээд түвшний уулзалтын үеэр Оросууд Монголд өөрсдийн банкны салбараа нээх асуудлыг хөндсөн. 

Аялал жуулчлал болон иргэд хоорондоо чөлөөтэй бизнес эрхлэхэд төлбөр тооцоо саадгүй явах ёстой. Рубль долларт шилжих боломжгүй болсон. Иймд өрнөдийн хоригт ороогүй, жижиг банкны салбарыг Монголд байгуулахад бизнесийн төлбөр тооцоог хурдан шуурхай болгоход сайн нөлөө үзүүлнэ. Үүнийг судлах ёстой. Цаашид Монгол Оросын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг хөгжүүлэх нэг чухал хэсэг юм" гэв.  

"Орос Монголын хамтарсан Эгийн голын УЦС-ыг байгуулах хэрэгтэй"

Үргэлжлүүлэн тэрбээр Эгийн голын УЦС-ын талаар "Мөн манай улсын баруун таван аймгийн эрчим хүч ОХУ-аас хамааралтай. Үүнийг багасгахад Эгийн голын УЦС-ыг байгуулахад Монголын тал Байгаль нуурын экологид нөлөөлөхгүй гэх судалгааг гаргасан ч ОХУ-аас экологид нөлөөлнө гэдэг. Үүнийг шийдэх хамгийн зөв гарц Орос Монголын хамтарсан Эгийн голын УЦС-ыг байгуулах юм. Энэ бол алтан дунджийг барьсан хамтын ажиллагааны чухал хэсэг гэж харж байна" гэв. 

"Фүкүшима Дайчи атомын цахилгаан станцын сүйрлээс хойш 14 жилийн хугацаанд цөмийн эрчим хүчний аюулгүй байдлын хөгжүүлэлтэд асар том дэвшил гарсан"

Үргэлжлүүлэн тэрбээр цөмийн эрчим хүчийг ашиглах боломжийн талаар "Монгол Улс ураны нөөцөөрөө дэлхийд эхний 10-т орж байна. Мон-Атом компани Оросын Рос-Атомтай хамтарсан хэлэлцүүлэг өрнүүлэхэд Монгол ураны нөөцтэй байгаа тохиолдолд жижиг оврын хоёр ширхэг нийт 600Мвт-ын цөмийн станцыг ирээдүйд байгуулбал Монгол Улсын эрчим хүчний аюулгүй байдлыг хангах боломж байна гэж харсан.

Фүкүшима Дайчи атомын цахилгаан станцын сүйрлээс хойш 14 жилийн хугацаанд цөмийн эрчим хүчний аюулгүй байдлын хөгжүүлэлтэд асар том дэвшил гарсан. Үүнд дижитал болон хиймэл оюун ухааны технологиуд маш чухал нөлөөг үзүүлж байна" гэв.