Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/11/21-НД НИЙТЛЭГДСЭН

ХЭМЖИЛТ: Хүүхдүүд сургууль дотроо ч агаарын бохирдолд өртөж байна

Г.Номин, iKon.mn
2019 оны 11 сарын 21
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Гэр хороололд байрлах улсын таван сургуулийн дотоод орчны агаарын чанар ямар байгаад хэмжилт хийсэн сонирхолтой судалгааны дүн гарчээ.

Амьсгалах эрх төслийн хүрээнд нийслэлийн гэр хороололд байрладаг 67, 92, 114, 35, 29-р сургуулиудын дотор орчинд агаарын бохирдол хэмжих төхөөрөмж суурилуулж 2019 оны 1-8 дугаар сарын хооронд өдөр бүр 24 цагаар, AirVisual төхөөрөмж ашиглан дотоод орчны агаарын бохирдол тэр дундаа хүний эрүүл мэндэд сөргөөр нөлөөлдөг РМ2.5, РМ10-ийг хэмжсэн байна.

Ижил хугацаанд дээрх сургуулиудын харьяалагдах дүүргийн эмнэлгүүд болон гэр хороололд байрлах хороодын байранд хийсэн хэмжилттэй харьцуулахад дотоод орчны агаар дахь PM10 тоосонцрын хэмжээ сургуулийн орчинд харьцангуй их байсан байна.

График 1: Эмнэлгийн орчин дахь тоосонцор 1-4 дүгээр сарыг дуустал дотоод орчин дахь тоосонцор хүлцэх хэмжээнээс өндөр байна.

Үүнийг сургуулийн орчинд эмнэлэгтэй харьцуулахад чийгтэй цэвэрлэгээний давтамж хол, идэвхтэй хөдөлгөөн ихтэй буюу хаалга цонх байнга онгойж хаагдаж байдаг, анги танхимын цонхны битүүмжлэл муу зэргээс үүдэн гадаад орчны бохирдол байнга нэвтэрч байдагтай холбон тайлбарлаж болох юм.

Тэгвэл тоосонцор хүний биед хэрхэн нэвтэрч, ямар нөлөө үзүүлдэг вэ?

 

PM2.5 /2.5 микрометрээс бага хэмжээтэй тоосонцор/ нь амьсгалын замаар дамжин цусанд ордог маш жижиг хэмжээтэй ба амьсгалын замын хурц болон архаг өвчлөлтүүд, мэдрэл, нөхөн үржихүй,зүрх судасны тогтолцооны өвчлөлд нөлөөлнө. Нарийн ширхэгт тоосонцор нь хамар, цагаан мөгөөрс, гуурсан хоолойгоор дамжин жижиг гуурс,  уушгины цулцанд гүнзгий нэвтрэн орж, уушгины эсийг гэмтээж, өвчлүүлдэг. Ингэснээр амьсгалын эрхтний дархлаа сулрах, халдварт өртөмхий болох, улмаар ханиад, томуу тусах, хатгалгаа болон хүндрэхэд нөлөөлдөг. 2016 онд Хавдар судлалын олон улсын агентлаг дотоод орчны агаар дахь тоосонцрын бохирдлыг хорт хавдар үүсгэгчийн ангилалд оруулжээ.

РМ10 /10 микрометрээс бага хэмжээтэй тоосонцор/ нь амьсгал, зүрх судасны замын өвчлөлд илүүтэйгээр нөлөөлдөг. РМ10-аас том хэмжээтэй нь хүний бие рүү нэвтрэхгүй.

ДЭМБ-ын тайланд, "Агаар дахь тоосонцор 1м/куб-т 21 мкг байх нь стрессийг 17 хувиар ихэсгэж, ургийн гажиг, үр зулбалтад нөлөөлдөг" гэж заасан байдаг. Мөн сүүлийн үед ой санамж, оюуны чадамжийг хүртэл бууруулдаг гэсэн судалгаанууд гарсаар байгаа. Харин манай улсын агаарын чанарын 24 цагийн  стандартад заасан РМ2.5 хэмжээтэй тоосонцор 1м/куб агаарт 50 микрограм, РМ10 хэмжээтэй тоосонцор 1м/куб агаарт 100 микрограм-аас их хэмжээтэй бол эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй гэсэн ангилалд ордог. ДЭМБ-ын биш Монгол Улсын тооцооллоор авч үзсэн ч дотоод орчин дахь тоосонцрын агууламж гэр хороололд байрлалтай улсын сургуулиудад 1-4  сарыг дуусах хүртэл 1м/куб-т 50 микрограм -аас дээш хэмжээтэй байна.

Сургуулийн орчинд өндөр хэмжээтэй гарсан дараагийн бохирдол бол CO2 буюу нүүрс хүчлийн хий. Нүүрс хүчлийн хийн хэмжээ нэгдүгээр сард дотоод орчны агаарт хамгийн өндөр хэмжээнд хүрсэн байна.

График 2: Дотоод орчны агаар дахь CO2-ийн 2019 оны 1-8 сарын, сарын дундаж агууламж

 

 

Нүүрсхүчлийн хий нь дотоод орчинд байнга өндөр байвал хүчилтөрөгчийн солилцоог алдагдуулан эд эрхтэнд гэмтэл учруулах эрсдэлийг нэмэгдүүлдэг байна. Нүүрсхүчлийн хий өндөр байгаа нь агаар сэлгэлт муу, ангийн ачаалал их байгаагаас болж байх магадлалтай.

Хүүхдүүдийн хичээлийн цаг буюу өглөөний 9 цагаас өдрийн 14 цаг хүртэл дотоод орчин дахь агаарын бохирдол хамгийн өндөр цэгтээ хүрч байжээ.

Оройн 6- 8 цагийн үед дотоод орчны агаарын бохирдол хамгийн бага болдог байна.

Судалгааны дүн хүүхдүүд сургууль дотроо ч амны хаалт зүүх шаардлагатайг харуулж байна

Сургуулийн дотоод орчинд хийсэн хэмжилтүүдээс харахад Тоосонцрын бохирдол нь гадаад орчны агаарын бохирдолтой шууд хамааралтай төдийгүй яг хичээлийн цагаар дотоод орчны агаарын чанарын байж болох хэмжээнээс 10 дахин өндөр байгаа нь хүүхдүүд сургууль дотроо ч амны хаалт зүүж эрүүл мэндээ хамгаалахаар түвшинд байна.

График 3: 67-р сургуулийн РМ2.5 тоосонцрын сүүлийн 12 өдөр буюу 2019 оны 11 сарын 8-19 хүртэлх дундаж хэмжээг харахад мөн л Агаарын чанарын стандарт хэмжээнээс өндөр байна.

Тиймээс сургуулиуд дотоод орчны агаарын бохирдлоо бууруулахын тулд,

  • Хаалга цонхны битүүмжлэлийг сайжруулах, гадна агаарын бохирдол нэвтрэлтийг бууруулах арга хэмжээг авах, хаагуур нэвтэрч байгааг олж тогтоох,
  • Чийгшлийн хэмжээгээ нэмэгдүүлэх/чийгтэй цэвэрлэгээний давтамжаа олшруулах/,
  • Элдэв үнэртүүлэгч, арц хүж хэрэглэхгүй байх, анги танхимын засварыг хичээл цуглахаас дор хаяж сарын өмнө дуусган будаг барилгын материалын үнэрийг гаргах, будагт агуулагдах дэгдэмхий органик нэгдлүүд хүний биед хортой.
  • Гадаад орчны бохирдол буурдаг цагуудад цонхоо онгойлгож агаар сэлгэлт хийх,
  • Анги танхимын хүүхдийн тооны даац хэтрэлтийг боломжоороо бууруулах,
  • Агаар цэвэршүүлэгчийг зааврын дагуу ажиллуулах хэрэгтэй болов уу. Анги танхим дахь агаар цэвэршүүлэгчийн тоо хангалттай байгаа хэдий ч үүдний танхимд буюу хаалга байнга онгорхой шахуу байдаг байршилд ажиллуулах мөн шүүлтүүрийг солихгүй байх зэрэг нь үр дүнгүй ажиллахад хүргэж байгааг судалгааны тайланд дурджээ. Тиймээс шүүлтүүрийн зардлыг сургуулийн төсөвтөө суулгах нь зайлшгүй хэрэгцээ болохыг онцолсон байна.


Европын холбооны санхүүжилтээр “Пипл ин нийд”/People in need/ ТББ нь Монголын Байгаль орчны иргэний зөвлөл, Монголын хуульч эмэгтэйчүүдийн холбоо, Гэр Иргэдийн Оролцоотой Амьдрах Орчин Зураглалын Төв ТББ-уудтай хамтран Амьсгалах эрх төслийг  хэрэгжүүлж байгаа ажээ.

Тус төслийн хүрээнд Зайгал Судалгааны Институт гүйцэтгэсэн "Улаанбаатар хотын эмнэлэг, сургууль болон хороодын байрны дотоод орчны агаарын бохирдлыг Airvisual төхөөрөмжөөр хэмжсэн дата анализын тайлан"-г өгүүлэлд ашиглав.

Амьсгалах Эрх төслийн талаар мэдээллийг доорх сувгуудаар авах боломжтой.

Facebook: People in Need People in Need Mongolia
Twitter: @people_in_need
Youtube: Člověk v tísni
Web site: clovekvtisni.cz