Индэр    
2019 оны 5 сарын 1
Зураг
iKon.mn сэтгүүлч

Хүүхдүүдийг НАМАР БУДГААР, ӨВӨЛ УТААГААР хордуулдгаа хэзээ болих вэ?

Зураг
Гэрэл зургийг mpa.mn

-Цуврал 4-

Сургууль, цэцэрлэгүүд жил бүрийн зун засвар хийж, будаг ханхлуулан хүүхдүүдээ хүлээж авсаар байгаа.

Томчууд сургууль, цэцэрлэгээр 5-10 минутын хугацаатай ороод гарахдаа "Будаг үнэртэж байна. Толгой өвдөх нь" гэх мэтийг бодоод, хоорондоо ярилцаад л өнгөрдөг. Харин хүүхдүүд будаг ханхалсан буюу химийн хортой бодисоор бохирлогдсон орчинд өдөрт хамгийн багадаа дөрвөн цагийг өнгөрүүлж байна.

Тэгвэл будгийн үнэр ханхална гэдэг нь тэр орчинд толуол, бензол, ксилол гэх мэт дэгдэмхий органик нэгдэл ялгарч буйг илтгэж байдаг. Ийнхүү хүүхдүүд жил бүр тодорхой хугацаагаар хортой дэгдэмхий нэгдэлд өртдөг нь томчуудаас илүү хордох, хорт бодисын нөлөөгөөр эрт хавдраар өвчлөх эрсдлийг бий болгож байгаа юм.

Түүнчлэн хүүхэд байнга байдаг эдгээр орчинд барилгын материалаас гадна пластик болон резинэн тоглоом, шахмал хавтангаар хийсэн тавилга зэрэг нь химийн хорт бодисуусыг ялгаруулж байх магадлалтай.

БСШУСЯ-наас сургууль, цэцэрлэгийн засварыг хүүхдүүд амарч байх хугацаанд хийх зарчим л баримталдаг бөгөөд засвар хийх компаниудын тендер шалгаруулалт зарлагдаад эхэлсэн байгаа аж. Шалгарсан компаниудтай тус бүрд нь гэрээ байгуулж, ажлын дуусах хугацааг тогтоодог  юм байна.

Гэтэл нөгөө талаас сургууль, цэцэрлэгийн засварыг хичээл цуглахаас дор хаяж нэг сарын өмнө дуусгах шаардлага тулгарч байна. Учир нь дотоод орчинд химийн хорт бодисын бохирдол байгаа эсэхийг тогтоохдоо гурван удаагийн шинжилгээний дүнг багцалж гаргадаг.  Эхний шинжилгээ хийснээс гурав болон 28 хоногийн дараа тухайн орчинд илэрсэн бодисууд буурсан уу, хэвэндээ байна уу гэдгийг тогтоосны үндсэн дээр эцсийн байдлаар бохирдлын хэмжээг тогтооно.

Бага наснаасаа органик дэгдэмхий хорт бодисын нөлөөнд өртөх нь эрт хавдраар өвчлөх эрсдэлийг нэмэгдүүлнэ

 
Гэрэл зургийг mpa.mn

Хавдрын өвчлөлийн нууц хугацаа нь 10 ба түүнээс олон жил үргэлжилдэг. Өөрөөр хэлбэл, хавдарт үүсгэгч дэгдэмхий органик хортой бодисуудаар амьсгалснаас хойш бие махбод дотор эсийн гэмтэл удаан хугацаанд анзаарагдахгүйгээр явагдаж, хавдрын эс үүсэж бий болох суурийг тавьдаг.

Хэрэв  20 орчим настай дээр дурдсан бодисуудын нөлөөнд өртсөн бол хүн 30-40 насантай үед нь хавдрын өвчлөл илрэх магадлалтай. Харин 10 хүртэлх наснаасаа өртсөн хүүхдүүд 20-30 насандаа өвчлөх эрсдэлтэй.

Хүүхэд насанд хүрэгчдээс хоёр дахин хурдан амьсгалдаг, бодисын солилцоо эрчимтэй нь явагддаг, зүрхний цохилт олон буюу амьсгалаар орж ирж буй хортой бодис цусанд орж биеэр илүү хурдтай тардаг, хамгийн гол шалтгаан нь хүүхдийн элэг буюу хоргүйжүүлэх эрхтэн нь бүрэн хөгжөөгүй, хортой бодисыг задлах чадвар султай байдгийг эрүүл ахуйч Д.Нарансүх онцлон тайлбарлав.

Дотоод орчинд ямар бодисын бохирдол хамгийн их байна вэ?

 
Гэрэл зургийг mpa.mn

Барилгын материалаас дотоод орчинд ямар бодис ялгардаг, түүний хэмжээг заасан стандарттай болсон талаар болон хэрхэн шинжилдэг тухай гурван цуврал мэдээллийг хүргээд байгаа.

"Ногоон титэм" лабораторийн 2014 оноос хойш буюу сүүлийн таван жилд хийгдсэн шинжилгээгээр дотоод орчны агаарт дараах бохирдлууд зонхилж байжээ. Үүнд,

  1. Дэгдэмхий органик нэгдлүүд (Бензол, толуол, этилбензол, ксилолууд)
  2. Формальдегид
  3. Нарийн ширхэгт тоосонцор PM2.5
  4. Хөгц, мөөгөнцөр
  5. Тамхины утаа

Түүнчлэн хар тугалга хүүхдүүдийн цусанд их хэмжээтэй илэрч байгаа талаар судалгааны үр дүнгүүд бий. Гэсэн ч манай улсын хувьд агаарт хар тугалга байгаа эсэхийг тогтоох боломжгүй байгаа аж. Хар тугалга нь чанаргүй будагнаас гарсан үнэр, хоол хүнс, хөрсний бохирдол зэргээс үүдэлтэй байж болох гэнэ.

Дээрх бодисуудын хоруу чанар

1. Дэгдэмхий органик нэгдлүүд (Бензол, толуол, этилбензол, ксилолууд)

Эдгээр бодисуудад урт богино хугацаагаар хүний бие амьсгал, хоол боловсруулах, арьс хүрэлцэх замаар өртсөнөөр хэд хэдэн сөрөг үр дагаврууд үүснэ.

Богино хугацаанд их хэмжээгээр өртсөн тохиолдолд нүд загатнах, үрэвсэх, улайх загатнах, амьсгалын замын эрхтнийг цочроох, үрэвсэх, цочмог дутагдал үүсэх, толгой эргэх, өвдөх, дотор муухайрах ядрах, сульдах зэрэг шинж тэмдэг илэрнэ. Харин урт хугацаагаар өртсөн тохиолдолд дээр дурдсан шинж тэмдгүүдээс гадна хорт хавдар үүсэх, нөхөн үржихүйн системд өөрчлөлт гарах, тодорхой эрхтэн системийг хордуулж гэмтээх зэрэг сөрөг үр дагавартай.

2. Формальдегид

Хүний биед харшил үүсгэх гол эх үүсвэр болдог. Модон эдлэл арчиж өнгөлөх зориулалттай шингэн, бүх төрлийн будаг цавууны найрлаганд ордог төдийгүй угаалга цэвэрлэгээний болон гоо сайхны бүтээгдэхүүнд, хүүхдийн зарим сальфетканд хүртэл агуулагддаг байна.

2012 онд Хавдар судлалын олон улсын агентлаг формальдегидыг хүнд хорт хавдар үүсгэдэг нь нотлогдсон хорт бодисын ангилалд оруулжээ.

3. Нарийн ширхэгт тоосонцор PM2.5  

Нарийн ширхэгт тоосонцор нь механик хольцуудын хамт хамар, цагаан мөгөөрс, гуурсан хоолойгоор дамжин жижиг гуурсанцар,  уушгины цулцанд гүнзгий нэвтрэн орж, уушгины эсийг гэмтээж, өвчлүүлдэг.

Ингэснээр амьсгалын эрхтний дархлаа сулрах, халдварт өртөмхий болох, улмаар ханиад, томуу тусах, хатгалгаа болон хүндрэхэд нөлөөлдөг. 2016 онд Хавдар судлалын олон улсын агентлаг дотоод орчны агаар дахь тоосонцорын бохирдлыг хорт хавдар үүсгэгчийн ангилалд оруулжээ.

4. Хөгц мөөгөнцөр

Хөлөрдөг цонх, сангийн хоолой шугам, сийгдэг, дулаан алддаг хана, шал, тааз, дусаал дусдаг дээвэр гэх мэт нойтон чийгтэй газар, байшингийн хана, булан, бууц тэжээлд элбэг байдаг.

Хөгц мөөгөнцөртэй барилга байшинд ажиллаж, амьдарч буй хүний бие махбодод нүд загатнаж, улайх, хоолой аргаж, загатнах, хамар битүүрэх зэрэг харшлын шинж тэмдгүүд илэрнэ. Хүүхдийн ам гэмтэх, эмэгтэйчүүдийн үтрээний мөөгөнцөртөх өвчин хүндрэх шалтгаануудын нэг нь хөгц мөөгөнцөр үүссэн байр, орон сууцанд амьдарч буйтай холбоотой байж болдог.

5. Тамхины утаа

Тамхины утаанд мансууруулан донтуулах, хорт хавдар үүсгэх, тэсэрч дэлбэрэх, шууд үхэлд хүргэх зэрэг үйлчилгээтэй бөгөөд никотин, нүүрстөрөгчийн исэл, цианийн хүчил, хүхэрт устөрөгч, аммиак, шоргоолжны хүчил, нүүрс устөрөгчийн нэгдэл гэх мэт 4,000 гаруй төрлийн химийн бодис агуулагдаж байдаг.

Үүнээс никотин, тамхины бохь, нүүрстөрөгчийн исэл гэх мэт 200 гаруй нь бодис нь хүний эрүүл мэндэд хортой болох нь тогтоогдсон.



Хүүхэд байх орчинд анхаарлаа хандуулъя

Будаг үнэртэж байна гэдэг нь органик дэгдэмхий бодис ялгарч байгааг илтгэх хамгийн тодорхой шинж тэмдэг. Мөн хурц үнэр ялгаруулсан пластик тоглоом, шахмал модон тавилга зэрэг формальдегид удаан хугацааны турш ялгаруулдаг байна.

Түүнчлэн хүүхэд байнга байдаг орчин буюу сургууль, цэцэрлэгийн засварыг хичээл цуглахаас дор хаяж нэг сарын өмнө хийж дуусгах, шинэ барилгад төдийгүй засвар хийсний дараа дотоод агаар бохирдлогдсон эсэхийг хэмжих дүрэм, журам зайлшгүй хэрэгтэй байна.

Есдүгээр сарын 1-нээс хордож эхэлсэн хүүхдүүд үргэлжлүүлэн утааны улиралтай залгадаг учраас дархлаа суларч өвчлөх эрсдэл нэмэгддэгийг мэргэжлийн хүн тайлбарлаж буй. Гадна утааны асуудлаа шийдвэрлэж чадахгүй байгаа одоогийн нөхцөлд ядаж дотоод орчиндоо хүүхдүүдээ хордуулахгүй байхад сэтгэл гарган анхаарлаа хандуулъя.

Мөн хүүхдийнхээ эрүүл мэндийн төлөө сургуулийн засварын ажлыг эрт дуусгах, дотоод орчныг бохирдолгүй байлгах чиглэлээр холбогдох хүмүүст шахалт үзүүлье.

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
14
Зураг
ЗӨВ, ГОЁ
2
Зураг
БАХАРХМААР
1
Зураг
ХАРАМСАЛТАЙ
1
Зураг
ТЭНЭГЛЭЛ
Зураг
ХАХА
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
16 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
z [202.126.89.1] 2019/5/5
будагны үнэрт хордоод хойлоо боох гээд байдаг болсоон.Хортой будаг оруулдаг Гаалыг болиулмаар бна,хортой будаг заруулдаг мэргэжилийн хяналтыг солимоор бнаа.
0 | 0 Хариулах
Санаатай бизнес [139.5.216.222] 2019/5/5
Жил бүр хүүхдийн сургуулиудын байр, тавилга зэргийг буддаг нь дэлхий дээр зөвхөн Монголд дэлгэрсэн бизнес юм. БСШУЯ-ны холбогдох албан тушаалтнууд, сургуулиудын захирлууд,засварын компаниуд,хямд хортой будаг зардаг наймаачдын хамтарсан Сүлжээний бизнес. Монголын хүүхдүүдийг санаатайгаар хордуулж, олон жилийн дараа хорт хавдраар үхүүлж, хүн амыг аажмаар устгах хаанахын бодлого яваад байна вэ? Жил болгон хүүхдүүдийг эцэг эхийнх нь татварт төлсөн мөнгөөр хордуулдагаа болиочоо.
0 | 0 Хариулах
Зочин [202.9.42.23] 2019/5/2
Японы сайн чанарын будгийг "Солонгын Домог" ХХК оруулж ирдэг юм билээ. Фэйсбүүк пэйж хаяг нь Solongiin Domog-AICA's dealer
3 | 0 Хариулах
Зочин [139.5.219.214] 2019/5/1
будгийн ажлаа ядаж 3-5 жилд нэг хийгээчээ.
5 | 0 Хариулах
Зочин [139.5.219.214] 2019/5/1
япон сургууль, цэцэрлэгээ ингээд байн байн будаад байдаггүй ш дээ. сайхан модоороо байж л байг л дээ.
0 | 0 Хариулах
Иргэн [66.181.180.58] 2019/5/1
Энэ сүүлийн үеийн эцэг, эх нэртэй бацаанууд их олон юм хуцдаг болжээ. Хүүхдийн эрх мэрх нтр гэж хуцаад 90ээд онд өссөн маниусын эцэг эхчүүд ингэж явсангүй. Одоо зүв зүгээр амьд арзайжил явна. Энэ сүүлийн үеийн лалрын бацаанууд их туйлширч байнаа.
0 | 10 Хариулах
Зочин [202.21.108.121] 2019/5/1
Ороход хүртэл аймар үнэртэй,ийм будгаар будуулахаа болиочээ!!!
3 | 0 Хариулах
Zochin [220.248.60.76] 2019/5/1
Шинэ байшинд засвар хийгээд дор хаяж 6 сар болж байж орох ёстой байдаг. Үгүй бол хүний биед маш хортой. Хятадууд яг тэгдэг. Монголчууд мангар болохоороо өнөөдөр будаад маргааш хичээл эхлээд л
3 | 0 Хариулах
Мэргэжлийн зөвлөлгөө [121.101.177.71] 2019/5/1
Үнэхээр зөв сэдвийг хөндөж цувралаар хүргэж байгаа танай сайтад талархал илэрхийлье.Хавдрын эмнэлэг дүүрэн байдгийн гол шалтгаан л энэ шүү дээ. Хортой будаг учир хатсаны дараа ч дэгдэмхий хийгээр хордуулсаар байх болно. Хятад хямд будаг авч байна гэж бодоод байдаг ч 1 литр будгаар будах талбай нь бага тул эко сайн будаг авч 1 литрээр их талбай будахад гарах зардал нь ижил гэдгийг л сайн ойлговол төр хувийнхан зөв худалдан авалт хийж ард олныхоо эрүүл мэндийг хамгаалж чадна. Ядаж үүнийг ажил хэрэг болговол хүүхэд том хүнгүй өвчлөл эрс багасаж эмнэлэг нэмж барих шаардлагагүй, эм тарианд мөнгөө зарцуулах шаардлагагүй болох олон талын ач холбогдолтой эерэг үр дүн авчрах болно
3 | 0 Хариулах
Boogii [59.153.113.182] 2019/5/1
Havar ni [хориотой үг] baastai shoroon shuurgaar horduulna bas. Mask er ni uvul havar, udahgui 4 uliral zuuj bj araih gj Ami zuuhiin bn.
0 | 0 Хариулах
IKON д [202.126.89.92] 2019/5/1
Нэг жилд сургууль цэцэрлэгт яг хэдэн төгрөг засварт төсөвлөгддөг вэ сурвалжил өгөөч
1 | 0 Хариулах
Зочин [202.179.27.119] 2019/5/1
СӨХ-үүдийн орцны засвар гэж нэг юм байна!! Хямд хортой хятад будгаар оршин суугчдыг хордуулж засвар хийсэн нэр зүүдэг.
1 | 0 Хариулах
Зочин [103.14.36.18] 2019/5/1
Сургуулиуд хүүхдийн амралт эхэлмэгц шууд засвараа хийчихвэл намар гэхэд будаг хатаж үнэр нь гарсан байна.
1 | 0 Хариулах
Zochin [220.248.60.76] 2019/5/1
Намар ч нэмэргүй. Дор хаяж хагас жил болох ёстой байдаг.
1 | 0 Хариулах
Зочин [202.126.89.162] 2019/5/1
Ногоон эко худалдан авалт төрийн мөнгөөр хийх хэрэгтэй
1 | 0 Хариулах
Зочин [202.131.234.82] 2019/5/1
Болосвролын яамны дарга нар тендерт өөрийн компаниа шургуулах гэж ажлыг хойч нь чангаасаар намар сургууль орохтой зэрэгцэн засвар хийдгээ хэзээ болих вэ?
2 | 0 Хариулах