Зураг
Зураг
Индэр    
2019 оны 4 сарын 17
Зураг
iKon.mn сэтгүүлч

Барилгын материалаас дотоод орчинд ялгардаг 98 хорт бодисын зөвшөөрөгдөх дээд хэмжээг тогтоожээ

-Цуврал 2-

Барилгын материалаас ялгардаг, хүний эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй дэгдэмхий органик бодисуудын дотоод орчин дахь зөвшөөрөгдөх дээд хэмжээг заасан анхны бичиг баримт 2018 оны нэгдүгээр сард батлагдсан.

2016 онд батлагдсан Эрүүл ахуйн тухай хуулийн 5.5 дахь заалтыг үндэслэн гаргасан Барилгын материалын эрүүл ахуйн аюулгүйн үзүүлэлтийн зөвшөөрөгдөх дээд хэмжээг батлах тухай тушаалыг Эрүүл мэндийн болон Барилга хот байгуулалтын сайд хамтран гаргажээ.

"Барилгын материалын ашиглалтын явцад алдаа гарсан, зориулалтын бусаар ашигласнаас үүдэн янз бүрийн бодисууд ялгардаг"

 

Тушаалыг боловсруулах хоёр яамны хамтарсан ажлын хэсэг хоёр жил гаруй ажилласан бөгөөд хоёр хавсралтаас бүрдэж байна. Эхний хавсралтад барилгын материалаас дотоод орчны агаарт ялгаруулах хорт бодисын хэмжээг зааж өгсөн бөгөөд энэ нь барилгын материал үйлдвэрлэгчдэд хамаарах аж. Тодруулбал, үйлдвэрлэгч барилгын материалыг туршилтын шүүгээнд 3 хоног болон 28 хоног хадгалсны дараа дотоод орчны агаарт ялгарах дөрвөн үзүүлэлтээр дэгдэмхий органик нэгдэл/дэгдэмхий органик нэгдлүүдийн нийт хэмжээ, хагас дэгдэмхий органик нэгдлүүдийн нийт хэмжээ, формальдегид, ацетальдегид/-ийн зөвшөөрөгдөх дээд хэмжээг тус тус хэмжих юм байна.

Харин хоёр дахь хавсралтаар дотоод орчны агаар дахь дэгдэмхий органик бодисуудын зөвшөөрөгдөх дээд хэмжээг зааж өгчээ. Нийт 98 хорт бодисын зөвшөөрөгдөх дээд хэмжээг дараах төрлөөр ялгаж гаргасан. Үүнд,

  • Ароматик нүүрс ус төрөгчид /24 төрлийн бодис/,
  • Терпений уламжлалууд /5 төрлийн бодис/,
  • Алифатик нүүрс ус төрөгчид /8 төрлийн бодис/,
  • Ароматик спиртүүд /20 төрлийн бодис/,
  • Альдегидууд /10 төрлийн бодис/,
  • Кетонууд /6 төрлийн бодис/,
  • Органик хүчлүүд /2 төрлийн бодис/,
  • Нийлмэл эфирүүд /15 төрлийн бодис/,
  • Хлорт нүүрс ус төрөгчид /7 төрлийн бодис/ багтаж байна.
Дэгдэмхий органик бодистой орчинд урт богино хугацаагаар байсан тохиолдолд хүний эрүүл мэндэд харшил үүсгэх, хорт хавдар үүсгэх, амьсгалын замын архаг өвчтэй болгох, дотоод шүүрлийн эрхтнүүдийг гэмтээх сөрөг нөлөөтэй болохыг тогтоосон байдаг.

Дээрх жагсаалтад багтсан формальдегид гэх бодис гэхэд шинээр бариулсан зуслангийн байшинд зөвшөөрөгдөх дээд хэмжээнээс 2,000 дахин их хүртэл агуулагдаж байсан талаар өмнөх цувралд өгүүлсэн.

“Манайд ашиглаж буй барилгын материалуудын дийлэнх нь импортынх байдаг. Гэтэл импортоор орж ирсэн барилгын материалыг цаг агаарын ямар нөхцөлд ашиглах талаар барилгын материалыг дагаж ирсэн сертификатыг дагаж мөрдөөгүй, бага зэрэг алдаа гаргасан, эсвэл зориулалтын бусаар ашигласан зэргээс үүдэн дотоод орчны агаарт янз бүрийн бодисууд ялгардаг.

Манай улсад өмнө нь энэ төрлийн стандарт байгаагүй учраас АНУ-ын Калифорни мужийн Байгаль орчныг хамгаалах агентлаг, Европын холбооны Бельги, ХБНГУ, Франц улсуудад мөрдөгддөг стандарт дээр үндэслэн барилгын материалаас дотоод орчны агаарт ялгарах химийн бодисын зөвшөөрөгдөх дээд хэмжээг гаргасан.
Тушаалын төслийг ЭМЯ, БХБЯ, АШУҮИС-ийн Нийгмийн эрүүл мэндийн сургууль, нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын холбогдох мэргэжилтнүүд хамтран боловсруулсан” хэмээн ЭМЯ-ны Орчны эрүүл мэндийн асуудал хариуцсан мэргэжилтэн Ш.Уранцэцэг танилцууллаа.

Түүнчлэн тушаалын хэрэгжилтийг хангах үүднээс улсын нэгдсэн бүртгэлд бүртгүүлжээ. Ингэснээр шинээр баригдсан, улсын комисс хүлээн авч байгаа барилгуудад мэргэжлийн хяналтын байгууллага энэ чиглэлийн хяналтыг тавих үүрэг нь баталгаажсан байна.

Хүн тогтмол байх бүх байгууламжийн дотоод орчинд хорт бодис зөвшөөрөгдөх хэмжээнд байгаа эсэхийг шинжилнэ

 
Гэрэл зургийг mpa.mn

Барилгын материалын эрүүл ахуйн аюулгүйн үзүүлэлтийн зөвшөөрөгдөх дээд хэмжээг батлах тухай тушаалын дагуу орон сууц, албан байгууллага, сургууль, эмнэлэг болон хүн тогтмол ажилладаг үйлдвэр, үйлчилгээний газруудын дотоод заслын материалаас ялгаруулж буй дэгдэмхий органик нэгдэл болон хүнд металлын шинжилгээг хийлгэж, мэргэжлийн хяналтын байгууллагаар дүгнэлт гаргуулах үүрэг хүлээж байна.  

Уг тушаалыг хэрэгжүүлэхэд хоёр бэрхшээл тулгарч байгааг МХЕГ-ын Эрүүл ахуй, халдвар хамгааллын улсын ахлах байцаагч Б.Баясгалан тайлбарлаж байв.

Мэргэжлийн хяналтын байгууллага 2010 оныг хүртэл барилгын зураг төсөл, барилгын ажлын явцад эрүүл ахуйн хяналт тавьж байсан ч барилгын компаниудад дарамт үзүүлэхээс сэргийлнэ хэмээн урьдчилсан хяналт, шалгалтыг зогсоосон байдаг. Түүнээс хойш зургаан жилийн дараа Эрүүл ахуйн хяналтын тухай хууль батлагдаж, тус хуульд барилга байгуулдамжид эрүүл ахуйн чиглэлээр урьдчилсан хяналт хийх тухай заалт орж иржээ.

Мөн барилгын тухай хуульд ч эрүүл ахуйн чиглэлээр хяналт тавина гэсэн заалт орж ирсэн тул 2017 оны сүүлээс мэргэжлийн хяналтын байцаагчид улсын комисст орж ажиллаж эхэлсэн байна.

“Барилгын зураг төсөл дээр эрүүл ахуйн хяналт тавих тухай тушаал мөн Засгийн газрын хуралдаанаар саяхан орж батлагдсан.

Эрүүл ахуйн хяналтыг 100 хувь гэж үзвэл талаас дээш хувь нь урьдчилсан хяналтаар буюу барилга баригдах явцад тогтоогддог. Тэгэхээр 2010 оноос хойш энэ чиглэлийн хяналт хийгээгүй байцаагч нар маань нэлээд хөндийрсөн байсан. 2017 оны аравдугаар сард эрүүл ахуйч 140 байцаагчаа сургалтад хамруулж, энэ оноос хяналтын ажил жигдэрч байна.

Түүнчлэн аймаг, нийслэлийн эрүүл ахуйн байцаагч нартаа заавар, чиглэл өгөөд байгаа. Үүнд барилгын материалд чиглэсэн хяналтыг хэрхэн хийх талаар тодруулж зааж өгсөн” хэмээн Б.Баясгалан байцаагч хэлсэн юм.

Төрийн байгууллагуудад дээрх шинжилгээг хийх лаборатори зайлшгүй хэрэгтэй

 
Гэрэл зургийг mpa.mn

Харин дараагийн бэрхшээл нь ЛАБОРАТОРИ. Мэргэжлийн хяналт буюу бүх стандартыг хангуулах ёстой улсын ганц байгууллагынх нь лабораторид дээр дурдсан шинжилгээг хийх техникийн боломжгүй аж. Энэ төрлийн төрлийн шинжилгээг хийхээр итгэмжлэгдсэн, хувийн ганц лаборатори/Ногоон титэм/ байдаг юм байна. Зөвхөн шинэ байшин гэлтгүй засвар хийсэн бүх хүн тогтмол байх барилга байгууламжийнхаа дотоод орчны органик дэгдэмхий бодис, хүнд металлын хэмжээг шинжилж тогтоох ёстой учраас ганцхан лаборатори хангалтгүй нь тодорхой. 

Ийнхүү шинжилгээ авах лабораторигүйн дээр хэрхэн шинжилгээ авах аргачлал нь ч тодорхойгүй байгаа гэх. Тухайлбал, 10 давхар орон сууцны агаарын байдлыг шинжлэхэд барилгын бүх тоотод шинжилгээ хийх үү, давхар тус бүрээр хийх үү, хэрхэн түүвэрлэж шинжилбэл хамгийн бодитой хариу гарах вэ гэх мэт аргачлал байхгүй тул боловсруулах шаардлагатай байгаа аж.

Хүний эрүүл мэндэд хортой нөлөө үзүүлдэг, хорт хавдар үүсгэдэг нь батлагдсан бодисуудын хэмжээг тогтоолгох шинжилгээг зайлшгүй хийлгэх шаардлагатай гэж үзэж байгаа тул МХЕГ-ын зүгээс барилгын компаниудад "Ногоон титэм" лабораторид ханд гэдгийг хэлэхээс өөр аргагүй. Гэвч “Хувийн ганцхан компанийг сурталчилж байна, үнэтэй шинжилгээгээр бизнес эрхлэгчдэд хориг саад тавьж байна” гэх хардлага гарч буйг Б.Баясгалан учирлаж байв.

Гаалийн байгууллагын лабораторид ч барилгын материалаас органик дэгдэмхий бодис ялгарч байгаа эсэхийг тогтоох техникийн боломжгүй бөгөөд зөвхөн код тодруулах буюу ангилал тогтоох шинжилгээ л хийдэг байна. Тодруулбал, хил дээр цемент хэмээн мэдүүлээд өнгөлгөөний материал оруулж ирэх тохиолдолд гаалийн байцаагч нүдээр хараад ялгах боломжгүй бол лабораторид шинжлүүлж тогтоолгодог. Мөн будаг, уусгагч, хуванцрын бэлдэц гэх мэт шингэн хэлбэртэй зүйлсийг бүгдийг нь шинжилж, аль төрлийнх болохыг тогтоодог аж.

Ингэхдээ зөвхөн түүхий эдэд шинжилгээ хийж, дэгдэмхий органик бодис байгаа эсэхийг тогтоож болох ч ялгаруулж байгаа эсэхийг нь тодорхойлох техникийн боломжгүй гэсэн үг. 



Бид амьсгалах тутамдаа ходож байж болох юм

Хүн амьдралынхаа 90 хувийг дотоод орчинд өнгөрүүлдэг гэдэг. Тэгвэл бид тэр хугацаанд амьсгалах тоолондоо хордож байж болох юм. Ямар ч байсан эрүүл мэндэд сөрөг нөлөөлөл үзүүлдэг, хавдар үүсгэгч, цочроох үйлчилгээтэй химийн бодисуудаар үнэхээр амьсгалаад байна уу, үгүй юу гэдгийг тогтоож, тэдгээрийн хэмжээг хязгаарлах бичиг баримттай болоод авчээ.

Уг тушаалыг боловсруулсан, хэрэгжилтийг хангах чиг үүрэг бүхий төрийн байгууллагууд хэрхэн ажиллаж байгааг та бүхэнд хүргэлээ.

Харин иргэд бид шинэ байр авахдаа байрлал, гадна орчин, ногоон байгууламж, загвар дизайн гэх мэт гоё сайхныг нь харахаас гадна барилгын дотор орчин эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй эсэхийг харгалзан сонголт хийх нь хамгийн чухал болоод байна.

Нөгөө талаас, барилгын компаниуд чанартай, хүний эрүүл мэндэд аюулгүй материал ашигласан бол түүнийгээ баталж, маркетингдаа ашигласнаар тал талдаа сэтгэл амар, айх аюулгүй үлдэх юм.

Дараагийн цуврал нийтлэлээрээ эрүүл ахуйч, судлаачдаас мэдээлэл авч, хүргэх болно.