Зураг
Зураг
Индэр    
2021 оны 11 сарын 30
Зураг
iKon.mn сэтгүүлч

Т.Бэгзсүрэн: Омикрон хувилбарын тархах чадвар өндөр боловч хоруу чанар тэр хэмжээгээр бага байх магадлалтай

Зураг
Гэрэл зургийг Mpa.mn

КОВИД-19 халдвар манай улсад цаашид хэрхэн тархах талаарх урьдчилсан тооцооллыг УОК-ын дэргэдэх Эрдэмтдийн зөвлөлөөс хэд хэдэн удаа хийж танилцуулж ирсэн.

Тоон мэдээлэлд үндэслэн урьдчилсан тооцооллыг бодож гаргадаг УОК-ын Эрдэмтдийн зөвлөлийн гишүүн, МУИС-ийн Физикийн тэнхимийн ахлах багш, доктор Т.Бэгзсүрэнтэй цаашид халдвар хэрхэн үргэлжлэх талаар ярилцлаа. 


- КОВИД-19 халдварын нөхцөл байдал цаашид хэрхэн үргэлжлэхээр байна вэ?

- Дельта хувилбарын тархалт шувтрах шатандаа орж байна. Эрдэмтдийн зөвлөлөөс наймдугаар сарын дунд үед гаргасан судалгаа есдүгээр сард дельта хувилбар давамгайлж оргил хэмжээндээ хүрч арав, арваннэгдүгээр сард буурна гэж мэдэгдсэн яг л тэр прогнозын дагуу явлаа. Гэвч энэ долоо хоногт дельтагаас өөр аюултай хувилбар дэлхийн хэд хэдэн улсад бүртгэгдлээ. 
Бидний хийж буй тооцоолол халдвар тархалтыг дараагийн гурван сард хэрхэн явагдах вэ гэдэг ерөнхий хандлагыг маш сайн тооцоолон гаргадаг. 14 хоногтоо өндөр хувьтай таардаг тул сард дор хаяж хоёр удаа шинэчлэн бодуулах шаардлага гардаг. Өөр өөр хувилбарууд нэгэн зэрэг тархаж байгаа тохиолдолд бодлого хүнд болдог. Одоогоор дельтагаас өөр хувилбар тархаж байгаа байдал тоон үзүүлэлтүүдэд мэдэгдэхгүй байна. 

Халдварын тоо зуу хүртэл буурах, түүнээс доош оролгүй тогтмолжих хандлагатай байгаа.

Сүүлийн өдрүүдэд халдварын тоо зуу хүртэл буурах, түүнээс доош оролгүй тогтмолжих хандлагатай байгаа. Энэ үед тархалт цааш хэрхэн явагдах нь дараагийн аюултай мутац хувилбар орж ирэх үү, үгүй юу гэдгээс хүчтэй хамаарахаар болж байна. Тодорхой нэг зүйл нь одоогоор шинээр аюултай мутац хувилбар орж ирсэн байх магадлал байхгүй байна. Иймд арванхоёрдугаар сарын эхээр халдварын тохиолдол буурах бөгөөд мутац хувилбар орж ирвэл гэнэт өдөр тутам дараалан нэмэгдээд явах эрсдэлтэй. 

- Өөр хувилбар орж ирэх тухайд, тухайлбал анхааралт татаад байсан дельта плас, мю, омикрон хувилбарууд манай улсад тархлаа гэхэд ямар хэмжээний аюул дагуулах эрсдэлтэй вэ?

- Дэлхий дээр бүртгэгдээд байгаа коронавирусийн мутац хувилбаруудыг авч үзвэл манай улсад дельтагаас илүү аюул учруулах хувилбар одоогоор алга. Манай эрдэмтэн судлаачдын хувьд дахиад давлагаа үүсэх үү, үгүй юу гэдэг дээр хоёр талын байр суурьтай байгаа. 

Нэгдүгээрт, дахин томоохон хэмжээний/ес, аравдугаар сарыг дамнан гарсан дельтагийн давлагаа/ давлагаа гарахгүй гэж үзэж байна. Учир нь ОХУ-д одоо эрчимтэй тархаж байгаа дельта плас хувилбар манай улсад тархсан дельта хувилбартай генетикийн хувьд бараг адилхан. Тиймээс өмнө нь халдварт өртсөн, вакцин хийлгээд хамгаалагдсан хүмүүс дельта плас хувилбарын эсрэг адилхан хариу үйлдэл үзүүлнэ. Дараагийн анхаарал татаж байгаа хувилбар болох мю-г ДЭМБ “хянаж болох” гэсэн ангилалд оруулсан. Мөн дельта өргөн тархсан улс орнуудад мю хувилбар давамгайлж тархаж чадахгүй байна гэсэн судалгаанууд бий. Манай улсад омикрон орж ирсэн ч альфа, дельтад өртсөн хүмүүс маш олон байгаа учир сүүлд өнгөрсөн дельтагийн давлагаанаас илүү аюул тарихгүй гэж үзэж байна.

Хоёрдугаарт, дахин халдварын хүчтэй давлагаа гарах магадлалтай гэсэн байр суурьтай судлаачид байгаа. Тэдний зүгээс вакцины үр нөлөө буурна, халдвар аваад байгалийн жамаар дархлаа тогтсон хэдий ч эсрэг биетийн хэмжээ аажмаар буурч дахин халдвараар өвчлөх эрсдэлтэй. Мөн вирусийн өөрийн хувьсал өөрчлөлтөөр шинэ мутац хувилбарууд улам бүр тархах чадавх өндөр болно гэж үзэж байна. 

Омикрон хувилбарын талаар гарсан нарийн мэдээлэл дэлхий даяар байхгүй  байгаа ч хувь судлаачийн хувьд энэ хувилбарын тархах чадвар өндөр боловч хоруу чанар тэр хэмжээгээр бага байх болов уу гэж таамаглаж байна. Нас баралтын зэрэг бага байх хэдий ч энэ хувилбарын давлагаа үүсвэл олон хүн халдвар авснаас нас баралт дельтатай ойролцоо байж болох юм.  

- Дархлаа сэргээх нэмэлт тунгийн хувьд сүүлийн өдрүүдэд эрчимжиж байгаа. Нэмэлт тун халдварын тархалт буурахад, улмаар дараагийн давлагаа үүслээ гэж үзвэл ямар нөлөө үзүүлэх вэ?

- Нэн түрүүнд халдварын тоог хурдан бууруулах нөлөөтэй. Цаашдаа өөр мутац хувилбар орж ирлээ гэхэд эрсдэл багатай даван туулах нөхцөл мөн бүрдэнэ. Нэмэлт тунгийн хамрагдалт өндөр байх тусам дараагийн давлагаа орж ирэхэд халдварын тохиолдол, эмнэлгийн ачаалал, нас баралт бага байна. 

- Халдварын тоо буурч байгаа ч нас баралт мэдэгдэхүйц буурахгүй байгаа нь ямар учиртай вэ?

- Халдварын оргил үеэс 14-21 хоногийн дараа нас баралтын оргил үе тохиодог. Хугацааны хоцрогдолтой явдаг гэсэн үг. Дельтагийн давлагааны оргил үе есдүгээр сарын 20-ны орчим тохиосон бол нас баралтын оргил үе аравдугаар сарын эхний 7 хоногт тохиосон. Энэ нь 14-өөс 21 хоногийн дараа байна. 

Одоогийн байдлаар нас баралтын долоо хоногийн дундаж 6 байгаа нь оргил үетэй харьцуулахад гурав дахин буурсан үзүүлэлт юм. Дельтагаас шалтгаалсан нас баралт цаашдаа ч буурна. Одоо бүртгэгдэж байгаа нас баралт нь 21 хоногийн өмнөх халдварын тооноос хамааралтай.

Зурагт нас баралт хэрхэн өөрчлөгдөх талаар үзүүллээ.

 

Хугацааны хоцрогдлоос гадна халдвар авсан хүн хүндрэх үйл явц нь улирлаас хамаарч байна. Хүйтрэхээр хүний биеийн дархлаа бага зэрэг багасдаг. Тиймээс халдварын тоо багасаж байгаа ч хүндрэлийн хувь бага зэрэг нэмэгдэх хандлагатай байгаа.  

- Тархалтын тооцоолол дээрээ үндэслээд эрдэмтдийн зөвлөлөөс УОК-д хандаж ямар ямар санал, зөвлөмжүүдийг өгч байгаа вэ?

- Манай улсын хувьд улирлын чанартай ажил их. Тиймээс хавар иргэдийн хөдөлгөөн эрчимжихээс өмнө өвлийн хугацаанд халдварын тархалтыг бага байлгаж эмнэлгийн байгууллагын ажилчид, эмч нарыг амраая. Бид сая нэг том давлагааг давлаа. Өөр аюултай ангилалд орсон хувилбар орж ирэх нь цаг хугацааны асуудал. Шинэ хувилбарыг хэсэг хугацаанд дотооддоо алдалгүй тогтоон барья, орж ирэх үед вакцинжуулалтаа хангалттай хэмжээнд хүргэж бэлтгэлтэй байя гэсэн зүйлс ярьж байгаа. 

Сургалтын байгууллагууд одоогийн зарчмаараа, тухайлбал ЕБС 5/9 зарчмаараа үргэлжлүүлэн энэ улирал дуустал хичээллээд, дараагийн улирлаас хичээл сургалтаа явуулах талаар анхааралтай ажиглах, судлах хэрэгтэй.

Ер нь бол халдварын тархалт буурч байгаа хэдий ч шууд тайвшрахгүй, вирусийн өөр мутац хувилбар орж ирсэн тохиолдолд хохирол багатай даван туулах бэлтгэлээ хийх шаардлагатай.

- Омикрон хувилбараар халдварласан тохиолдол Өмнөд Африкаас гадна Израиль, Бельги, Хонконг, Их Британи, Итали, Герман, Канад, Автралид бүртгэгдээд байна. Маш хурдтай тархаж байна хэмээн тодотгож буй энэ халдварын талаар сүүлийн үеийн мэдээлэл өгөхгүй юу?

- Дэлхий даяар олон улс аялал жуулчлалыг хориглож, хорио цээрийн дэглэмийг чангатгаж байна. Аль ч улсын эрдэмтэд хамгийн сүүлийн үеийн Ковид-19-ийн шинэ хувилбарын талаар илүү эхээр мэдээлэл авах, ойлгохоор судалгаа шинжилгээг хийж байгаа. Өнгөрсөн долоо хоногийн бямба гарагт Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага (ДЭМБ) Омикроныг илүү хурдан тархах, дархлаанаас зайлсхийх боломжтой гэсэн болгоомжлолын улмаас санаа зовоосон "аюултай хувилбар" гэж ангиллаа.

ДЭМБ болон дэлхийн өнцөг булан бүрд ажиллаж байгаа мэргэжилтнүүд хүмүүсийг сандралд орохгүй байхыг анхааруулж, омикрон хувилбарын талаар маш бага мэдээлэл байгааг онцолжээ. Өмнөд Африкийн эрүүл мэндийн байгууллагууд арваннэгдүгээр сарын эхээр КОВИД-19 халдвартай өвчтөнийг эмчилж байсан эмч түүний шинж тэмдгүүд нь дельта хувилбартай тохирохгүй байгааг олж мэдсэнээр шинэ хувилбарын талаар түгшүүр төрүүлжээ. Сүүлийн хэдэн долоо хоногт омикрон хувилбарын тохиолдол Өмнөд Африкийн хэд хэдэн хотуудад огцом өслөө. 

- Дельта плас болон мю хувилбарууд манайд орж ирсэн ч ес, аравдугаар сард гарсан дельтагийн давлагаанаас илүү аюул тарихгүй байх гэсэн таамаглал байсан. Тэгвэл омикрон хувилбарын хувьд ямар хэмжээний аюул тарьж болох вэ, энэ талаар таамаглалаа танилцуулахгүй юу?

- Манай судалгааны багийн Монголд хийж байгаа ажил нууц үеийн хугацаа, нас баралтын зэрэг, вакцины үр нөлөө гэх зэрэг мэдээлэл дээр үндэслэн ирээдүйн таамаглал прогноз хийдэг. Тэдгээр тулгуур параметрүүд  дэлхий нийтээр тодорхой болоогүй байна. Иймд яг энэ асуултад одоогоор тодорхой хариулт өгч чадахгүй нь. 

Энэ хувилбар ямар аюултайг мэдэж чадаагүй байгаа нөхцөлд дотоодод алдахгүй байх чухал. Дэлхий нийтэд ямар үйл явдал болж байна тэрийг анхааралтай харах цаг хугацаа одоо тохиож байна. 

Омикрон хувилбар халдварлах чанар өндөр гэдэг нь харагдаж байгаа ч хоруу чанар маш бага байгаасай гэж найдаж байна. 

 
https://nextstrain.org/ncov/gisaid/global