Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/11/03-НД НИЙТЛЭГДСЭН

НҮБ-ын индрээс Ерөнхийлөгчийн хэлсэн амлалтыг Монгол Улс биелүүлэхийн тулд юу хийх боломжтой вэ?

Г.Номин, iKon.mn
2021 оны 11 сарын 3
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Mpa.mn

НҮБ-ын уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг дээд хэмжээний чуулган Шотландын Глазго хотод болж байна. Тус уулзалтын эхний өдөр улс орнуудын удирдагчид 2030 оноос эхлэн мод тайрах явдлыг зогсоох тохиролцоонд хүрсэн бол дараагийн анхаарал татаж буй асуудал нь нүүрсний хэрэглээнээс татгалзах замаар хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах юм. 

Монгол Улс дэлхийн нийт хүлэмжийн хийн ялгарлын 0.1%-ийг үйлдвэрлэдэг боловч үүнээс үүдэлтэй дулаарал манай улсад дэлхийн дунджаас 2.5 дахин эрчимтэй явагдаж, уур амьсгалын өөрчлөлтөд хамгийн ихээр өртөж байгаа эрсдэлт орнуудын тоонд багтаад байгаа.

Хүлэмжийн хийг хэн ялгаруулж байгаагаас үл хамааран хохирлыг ийнхүү дэлхий нийтээрээ үүрч буй учраас бага гэлтгүй өгсөн амлалтдаа хүрэх шаардлагатайг илтгэж байна.

Монгол Улс уур амьсгалын өөрчлөлтийг бууруулах Парисын хэлэлцээрт нэгдсэнээр хүлэмжийн хийн ялгарлыг 2030 он гэхэд 2010 оны суурь түвшнээс 22.7 хувиар бууруулах зорилт тавиад буй. Харин дэвшилтэт технологи, инновацыг нэвтрүүлж, шаардлагатай санхүүжилтийг нэмэгдүүлэх замаар дээрх зорилтоо 27.2 хувь хүртэл ахиулах боломж байгааг НҮБ-ын уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг дээд хэмжээний чуулга уулзалтад оролцож буй Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хэлсэн үгэндээ онцоллоо.

Олон улсын индэр дээр Ерөнхийлөгчийн амласан зорилтыг ахиулан биелүүлэхийн тулд бид юу хийж болох вэ?

 
Гэрэл зургийг Mpa.mn

Монгол Улсын нийт хүлэмжийн хийн ялгарлын 50 хувийг эрчим хүчний салбар, 49 хувийг хөдөө аж ахуйн салбар, үлдсэн багахан хэсгийг аж үйлдвэр, хог хаягдлын салбарууд үйлдвэрлэдэг. Тэгэхээр эрчим хүч үйлдвэрлэл, хөдөө аж ахуйг хэрхэн явуулахаас олон улсын индэр дээр амласан уг зорилт үндсэндээ хамаарна гэсэн үг.

Монгол Улсад нүүрснээс өөр эрчим хүчээ хангах эх үүсвэр хангалттай байхгүй учраас энэ хэрэглээнээс татгалзах талаар одоо ярих нь амьдралаас хол хөндий юм. Харин хөдөө аж ахуйн салбарт шинэчлэл хийх замаар хүлэмжийн хийн ялгарлын 50 хувийг шийдэх нь илүү бодитой харагдаж байна. 

Хөдөө аж ахуйн салбарын ялгаруулж буй хүлэмжийн хий нь малын тооноос шууд хамааралтайг Уур амьсгалын өөрчлөлтийн НҮБ-ын суурь конвенцын хэрэгжилтийн Үндэсний тайлан илтгэл боловсруулах төслийн тайланд онцолжээ.

Мал аж ахуйн салбар нь метан, азотын исэл ихээр ялгаруулдаг учир хүлэмжийн хий нэмэгдэхэд жинтэй нөлөө үзүүлдэг. Метаны ихэнх хувь буюу 85% нь мал хивэх үед ялгардаг бол үлдсэн 15% нь малын ялгадаснаас үүсдэг байна. Монгол Улсын метан ялгаруулалтын 91 хувь нь малаас гаралтай бол энэхүү метаны 52 хувь нь уур амьсгалын өөрчлөлтөд нөлөөлдөг.

2020 оны байдлаар манай улсын малын тоо 67 саяд хүрсэн бөгөөд нийт газар нутгийнхаа 70 хувийг бэлчээрийн зориулалтаар ашиглаж байгаа. Таван хошуу малын 86 хувь нь хонь, ямаа байгаа одоогийн нөхцөлд бог малын ашиг шимийг нэмэгдүүлэх замаар тоо толгойг нь бууруулж чадах эсэхээс Монгол Улсын хүлэмжийн хийн ялгарлын хэмжээ хамаарах нь. 

Нэг толгой малын өдөр тутам бэлчээрээс идэх өвсний норм хэмжээг тооцоод үзвэл одоо байгаа бэлчээр 25 сая орчим малыг тэжээх чадвартайг "Ногоон алт" төслийн менежер Ц.Энх-Амгалан хэлж байв.

Тэгвэл манай улс малынхаа тоо толгойг 2019-2029 онд жилд дунджаар 2 хувиар бууруулах зорилт тавиад байна. 

 

2019 оны байдлаарх /Хэрэгжилт эхлэх үе/

2020  оны байдлаарх тоо 

2029 он гэхэд хүргэхээр төлөвлөж буй тоо

Адуу

4,214,818

4,093,861

3,710,000

Үхэр

4,753,192

4,732,010

5,517,157

Тэмээ

472,379

472,934

498,115

Хонь

32,267,265

30,049,428

25,655,416

Ямаа

29,261,661

27,720,253

24,154,000

 Жилд хоёр хувиар бууруулахаар төлөвлөсөн хэдий ч өнгөрсөн нэг жилд хонины тоо өмнөх оноос 7%, ямаа 5%, адуу 3%, үхэр 0.5 хувиар буурч, тэмээний тоо 0.1%-аар өссөн дүнтэй байна.

Малын тоог бууруулж байгаа тул ашиг шимийг нь нэмэгдүүлж байж малчдын амьжиргааг дэмжих учиртай. Гэтэл манай улсад өсгөн үржүүлж буй нийт мал сүргийн 85.7-99 хувийг цэвэр үүлдрийн монгол мал эзэлж байгаа бөгөөд 1980-2000 оны хооронд хийсэн судалгааны дүнгээр хонины амьдын жин 4 кг, ямааных 2 кг, үхрийнх 10 кг-аар тус тус буурчээ. Ноос, ноолуурын гарц мөн дагаад буурсан байна. 

Малын үүлдрийг сайжруулах болон шинэ технологи ашиглан ашиг шимийг нь нэмэгдүүлэх шийдлүүд: 

Түүнчлэн цэвэр монгол үүлдрийн мал хамгийн багадаа хоёр жил хариулж, тэжээсний дараа эдийн засгийн эргэлтэд орж эхэлдэг бол эрлийзжүүлснээр 10 сартайгаас эдийн засгийн эргэлтэд оруулах боломж бүрдэх юм. Тухайлбал, Сэлэнгэ аймгийн Ерөө суманд Английн суффолк үүлдрийн хонины эх сүргийн үржлийн аж ахуй бий. “Shaun the sheep” хүүхэлдэйн киногоор бидний эчнээ танил болсон тус үүлдрийн хонины зургаан сартай хурганы амьдын жин 60 кг хүрэх бөгөөд махны гарц 50-52 хувьтай байдаг аж. 

Бог малыг цахилгаан соронзон долгионы аргаар малд өвдөлд багатайгаар хөнгөлөх технологийг ХААИС-ийн доктор Ч.Нилбаатар зохион бүтээжээ. Хургыг хоёр сартайд нь буюу эр мал өөрийн биологийн онцлогоор огцом өсдөг үед хөнгөлдөг бөгөөд уламжлалт аргаар хөнгөлөх үед мал маш их өвдөлтийг мэдэрч энэ өвдөлтийн стрессээс гарахад харьцангуй удаан хугацаа шаардагддаг байна. Харин цахилгаан соронзон долгионы багаж ашиглан зайнаас төөнөх аргаар үр дамжуулах сувгийг таслан хөнгөлөх нь малд өвдөлт бараг мэдрүүлэхгүй бөгөөд бие нь эрчимтэй өсөж томроход саад болдоггүй. Үр дүнд нь 7-8 сартай хурганы амьдын жинг 18-19 сартай төлөгний хэмжээнд хүрч байгаа аж.

Малын тоог бууруулах, ашиг шимийг нэмэгдүүлэхэд чиглэсэн "Эцэг малын зээл"-ийг арилжааны банкууд ч санал болгоод эхэлжээ. 

Түүнчлэн 2021 оны нэгдүгээр сард шинэчлэгдсэн Улсын аварга малчин өрх, фермер, саальчин шалгаруулах журамд "Малын тоог бэлчээрийн даацад тохируулан бэлчээрийг зохистой ашигласан, малын чанарыг сайжруулж нэг малаас авах ашиг шимийг нэмэгдүүлсэн, мал эмнэлгийн урьдчилан сэргийлэх арга хэмжээнд малаа бүрэн хамруулсан, эрүүл чанартай бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг, тэдний нийгэмд оруулж байгаа хувь нэмэр зэрэг шалгуур үзүүлэлтээр орон нутагтаа тэргүүлсэн малчин өрх, саальчин, фермерийг шалгаруулан шагнан урамшуулж байх" талаар тусгасан байна. 

Нэг жилийн хугацаанд малын тоо 5.4 хувиар бууруулж, сүргийн дийлэнх хувийг эзэлж буй бог малын ашиг шимийг нэмэгдүүлэх шинэлэг технологи, аргууд нэвтэрсээр байна. Ерөнхийлөгч НҮБ-ын индрээс хэлсэн амлалтаа биелүүлж, хүлэмжийн хийн ялгарлын хэмжээг төлөвлөсөн хугацаандаа бууруулъя гэвэл хөдөө аж ахуй, тэр дундаа мал аж ахуйн салбартаа далайцтай шинэчлэл хийх шаардлагатай болох нь.