Зураг
Зураг
Индэр    
2019 оны 4 сарын 24
Зураг
iKon.mn сэтгүүлч

Хүний амьдарч буй орчинд химийн хорт бодис ялгарч байгаа эсэхийг хэрхэн шинжилдэг вэ?

-Цуврал 3-

Барилгын материалаас химийн хортой бодис буюу дэгдэмхий органик нэгдлүүд ялгардаг болон манай улс энэ аюулаас сэргийлэх стандарттай болсон талаар хоёр цуврал мэдээллийг хүргээд байгаа.

Тэгвэл гурав дахь цувралаараа дотоод орчин дахь химийн бодисын бохирдлоос хүний эрүүл мэндэд үзүүлэх сөрөг нөлөө, бохирдлыг хэрхэн шинжилдэг талаар мэдээлэл бэлтгэснээ хүргэж байна.

2015 онд Барилга хот байгуулалтын яамны захиалгаар "Ногоон титэм" лаборатори шинээр ашиглалтад орж буй нэгэн тансаг зэрэглэлийн орон сууцны дотор агаарын чанарт хэмжилт хийжээ.

"Зураг төсөл нь гарсан даруйдаа захиалгаа авч дууссан гэхээр тэр орон сууцны хувьд ямар их эрэлттэй байсныг илтгэх байх. Гэтэл тухайн барилгын дотор орчинд хийсэн агаарын чанарын хэмжилтээр хэд хэдэн химийн хортой бодис их хэмжээгээр илэрсэн. БХБЯ-ны зүгээс угаасаа барилгын дотоод орчин агаарын чанар ямар түвшинд байгааг мэдэхээр тус шинжилгээг хийлгэсэн юм билээ. Ингээд шинжилгээний дүнг үндэслэн дотор агаарын чанарт зайлшгүй анхаарах шаардлагатайг анзаарсан болов уу" хэмээн тус лабораторийн захирал, судлаач Б.Алтангэрэл ярилаа.

Үүний дараа 2016 онд Эрүүл ахуйн тухай хууль батлагдаж, тус хуулийн 5.5 дугаар зүйлд заасны дагуу Барилгын материалын эрүүл ахуйн аюулгүйн үзүүлэлтийн зөвшөөрөгдөх дээд хэмжээг батлах тухай тушаалыг Эрүүл мэндийн болон Барилга хот байгуулалтын сайд хамтран гаргажээ. Тушаалыг боловсруулах ажлын хэсэгт багтаж ажилласан Монголын хөдөлмөрийн эрүүл ахуйчдын үндэсний холбооны тэргүүн, эрүүл ахуйч Д.Нарансүхтэй ярилцсан юм.

Хорт бодисуудын зөвшөөрөгдөх дээд хэмжээг тогтоохдоо Европын орнуудад мөрдөгдөж буй стандартуудаас үлгэр авжээ

 

Нэг барилгад хэдэн зуун төрлийн барилгын материал ашиглагддаг. Материал тус бүрт  агуулагдах хортой бодисыг шинжилгээ хийх чадавхтай лаборатори манай улсад байхгүй, мөн барилга барьж байгаа хүмүүст түвэг чирэгдэл ихтэй. Тиймээс олон улсын туршлагыг судалсны үндсэн дээр шинээр ашиглалтад орж буй барилгын дотоод орчинд шинжилгээ хийж, барилгын материалаас ялгарч буй хортой бодисын хэмжээ аюулгүй үзүүлэлтээс их байгаа эсэхийг тогтоох нь хамгийн оновчтой хэмээн үзжээ.

Европын орнуудад үйлдвэрлэгч нь зах зээлд гаргах барилгын материал бүтээгдэхүүндээс ялгарах хорт бодисын хэмжээг урьдчилан шинжлүүлж, хүний эрүүл мэндэд аюулгүй нь батлагдсан тохиолдолд гаргах зохицуулалттай. Ингэж баталгаажуулсан бараа материалд чанарын тусгай тэмдэг олгож Европын орнууд төдийгүй дэлхийн бусад улсын хилээр нэвтрүүлэхэд  лабораторийн шинжилгээ хийх шаардлага тавигддаггүй аж.

Харин манай улс ихэнх барилгын материалыг импортоор авдаг. Хил дээр тухайн барилгын материал хүний эрүүл мэндэд аюултай эсэхийг тодорхойлсон шинжилгээний дүнг шаардах эрх зүйн орчин байхгүй. Тиймээс ашиглалтад хүлээн авах гэж буй шинэ барилгын дотор орчинд хэмжилт хийх нь оновчтой юм.

Улаанбаатарчууд "Агаарын бохирдол ихтэй, утаатай байна. Үүнээс хэрхэн сэргийлэх вэ" гээд гарц шийдэл хайгаад төр засагтаа бухимдаад л байдаг. Гэтэл яг тооцоолоод үзвэл ихэнх хүн/гадаа тогтмол ажилладаггүй/ өдөрт 2-3 цагийг л утаатай, гадна агаарт өнгөрөөдөг. Харин гэртээ 10-12 цагийг, албан тасалгаанд 8-9 цагийн өнгөрүүлдэг.

Тэгэхээр хамгийн их хугацааг өнгөрүүлж буй орчин маань бидний эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж байна уу үгүй юу гэдгийг мэдэхгүй, энэ талын мэдлэггүй байсаар байна.

Олон жил суурьшмал амьдралаар амьдарсан улс орнуудын иргэд дотоод орчны эрүүл ахуй ямар чухлыг хэдийн ойлгож мэддэг болсон тул барилгын материал үйлдвэрлэгчээс авхуулаад барилгын компани, барилгын материалын худалдаа эрхлэгчид гээд бүгдээс нь материалын чанар, аюулгүй байдлын талаар мэдээллийг заавал шаарддаг хэвшилтэй байдаг байна.

Тиймээс Барилгын материалын эрүүл ахуйн аюулгүйн үзүүлэлтийн зөвшөөрөгдөх дээд хэмжээг батлах тухай тушаалын хавсралтад багтсан бодисуудын аюулгүй байдлын үзүүлэлтийг тогтоохдоо олон жилийн суурьшмал соёлтой, Европын орнуудад мөрдөгдөж буй стандартуудаас үлгэр авчээ. Энэ нь манай улсад хэрэгжүүлэхэд тохиромжтой хамгийн зөөлөн зохицуулалт гэж үзэж буйгаа эрүүл ахуйч Д.Нарансүх хэлсэн юм.

Химийн бодис бүр эрүүл мэндэд ямар сөрөг нөлөө үзүүлж болохыг судлан тогтоохын тулд лабораторийн орчинд туршилтын амьтад дээр олон жилийн турш хийдэг. Жишээлбэл, Формальдегид гэх бодисын их, бага хэмжээ хүний эрүүл мэндэд хэрхэн нөлөөлж байна, ямар ямар өвчлөл үүсгэж байна вэ гэдгийг тогтоохоор хийгдсэн олон судалгааны дүнг үндэслэн зөвшөөрөгдөх дээд хэмжээг тогтоодог. Ийм төрлийн судалгаа нь олон зуун туршилтын амьтны амийг зольж, маш өндөр өртөгтэй хийгддэг бөгөөд эцсийн үр дүн нь зөвшөөрөгдөх дээд хэмжээ хэмээх нэг л тоо байдаг. Түүнчлэн хүн амын дунд тухайн хорт бодисын өртөлттэй холбоотой үүссэн өвчлөлийн тохиолдолд суурилсан судалгааг ашигладаг.

Манай орны хувьд тиймэрхүү хор судлалын туршилт судалгаа хийх боломж, чадавх хязгаарлагдмал. Нэгэнт бусад орны судлаачид аль хэдийн судлаад тогтоочихсон тул тэдгээр, шинжлэх ухааны нотлогдсон баримтуудыг барилгын материалаас ялгарах хортой бодисын аюулгүй байдлын үзүүлэлтийг тогтоосон байна.

"Хүүхдүүд химийн хорт бодисын нөлөөгөөр эрт хавдраар өвчлөх эрсдэлтэй"

 

Дотоод орчинд агаар дахь хорт бодисуудын хэмжээ стандартад заасан хэмжээнээс их байвал хурц болон архаг хордлого үүсгэдэг.

Өндөр тунтай хорт бодист богино хугацаатай өртсөн тохиолдолд хурц хордлого толгой өвдөх, бөөлжих, тууралт гарах, нүд хорсох гэх мэт шинж тэмдэг илэрдэг. Гэхдээ илрэх шинж тэмдэг нь химийн бодис бүрээс шалтгаалаад харилцан адилгүй.

Харин бага зэрэг үнэртэй, бараг үнэргүй ч гэж хэлж болох зарим химийн бодист урт хугацаанд өртөж байсан хүмүүс 5, 10, 20 жилийн дараа архаг хордлого буюу хавдраар өвчлөх, үр удамд нь нөлөөлж ургийн гажиг үүсгэх, мутацид орох /ДНХ-ийн гинжин хэлхээг гэмтээх/ гэсэн гурван хэлбэрээр өвчлөл үүсгэдэг нь судалгаагаар тогтоогдсон.

Дэгдэмхий органик бодисуудын ихэнх нь хүнд хорт хавдар, ургийн гажиг үүсгэх эрсдэлтэйг судалгаагаар тогтоосон.

Хүний биед нэвтэрсэн хорт бодисыг хоргүйжүүлэх үүрэгтэй гол эрхтэн бол элэг. Тэгвэл хүүхдийн элэг насанд хүрсэн хүнийх шиг бүрэн хөгжөөгүй, хорт бодисыг задлах, хоргүйжүүлэх үйл явц нь сул байдаг. Гэтэл сургууль, цэцэрлэгүүд жил бүр засвар хийж, будаг ханхлуулаад хүүхдүүдээ хүлээж авдаг. Будагны үнэр ханхална гэдэг нь тэр орчинд толуол, бензол, ксилол гэх мэт дэгдэмхий органик нэгдэл ялгарч буйг илтгэж байдаг. Хүүхдүүд бие физиологийн хувьд эмзэг байдаг, жил бүр тодорхой хугацаагаар хортой дэгдэмхий нэгдэлд өртдөг нь томчуудаас илүү хордох, хорт бодисын нөлөөгөөр эрт хавдраар өвчлөх эрсдэлийг бий болгож буй эрүүл ахуйч Д.Нарансүх онцолж байв.

Дотоод орчинд химийн хорт бодис ялгарч байгаа эсэхийг хэрхэн шинжилдэг вэ?

 

Улсын хэмжээнд энэ төрлийн шинжилгээг хийхээр ISO/IEC 17025 стандартаар итгэмжлэгдсэн ганц лаборатори байгаа нь "Ногоон титэм" болохыг өмнөх цувралд дурсан. Итгэмжлэгдсэн гэдэг нь тухайн лабораторийн шинжилгээний хариу үнэн зөв гарахыг баталсан гэсэн үг юм.

Тэгвэл иргэд хандаж шинжилгээ хийлгэх тохиолдолд тус лабораторийн хүчин чадал хүрэлцэх эсэхийг тус лабораторийн захирлаас тодруулсан юм.

"Манай лаборатори хоногт 50 дээж шинжлэх боломжтой. Одоо шинжлүүлж байгаа тоотой харьцуулахад хүчин чадал маань харьцангуй өндөр гэж хэлж болно. Барилгын материалаас дотоод орчинд химийн хортой бодисууд ялгардаг талаар мэдээлэл гарч эхэлснээс хойш Монголын тавилга үйлдвэрлэгчдийн холбоо, барилгын агааржуулалт хийдэг компани гэх мэт олон хүн манайд хандаж байгаа. Тавилга үйлдвэрлэдэг компани чанартай тавилга хийсэн гэдгээ батлахын тулд шинжилгээ хийлгэе гэж байгаа нь сайн хандлага хэмээн талархалтай хүлээн авч байгаа" талаараа "Ногоон титэм" лабораторийн захирал, судлаач Б.Алтангэрэл хэлсэн юм.

Барилгын дотоод орчны аюулгүйн үзүүлэлтийг тогтоох үйл явц сорьц цуглуулах, лабораторид шинжлэх гэсэн хоёр үндсэн үйл явцаас бүрддэг байна.

Сорьц цуглуулах, Агаарт байгаа хортой бодисуудыг зориулалтын шингээгчид/зориулалтын уусмал эсвэл идэвхжүүлсэн нүүрсэнд/ шингээж авах бөгөөд зориулалтын агаар сорох насос ашигладаг байна. Сорьц цуглуулах явцад өрөө тасалгааны цонх, хаалга хаалттай, ойр орчимд дэгдэмхий органик бодис ялгаруулах үйл ажиллагаа явагдахгүй буюу засварын ажил бүрэн дууссан байх ёстой.

Лабораторид шинжлэх, Шингэн уусгагч дахь дээжид зориулалтын химийн бодис өгөөд ямар өнгөтэй болж байгаагаас нь нь шалтгаалаад бохирдлын хэмжээг тогтоодог. Идэвхжүүлсэн нүүрсэнд шингээж ирсэн бол хүчлээр уусгаж аваад хүний үсний 10/1-тэй тэнцэх хэмжээний нарийн 400 метр хоолойгоор оруулах явцад молекулаараа задран ямар дэгдэмхий органик нэгдэл байгааг мэдэх боломжтой болдог. 

Видео:


"Ногоон титэм" лаборатори 2014 оноос хойш барилгын дотоод орчинд шинжилгээ хийх явцад дараах бохирдлууд түгээмэл илэрч байжээ. Үүнд:

  • Дэгдэмхий органик нэгдлүүд /Бензол, толуол, этилбензол, ксилолууд/
  • Формальдегид
  • Нарийн ширхэгт тоосонцор PM2.5
  • Хөгц, мөөгөнцөр
  • Тамхины утаа

Тиймээс дараагийн цувралаар түгээмэл тохиолдож буй бохирдлууд болон хүүхэд илүү өртөж буй нөхцөл байдлын талаар мэдээллийг дэлгэрүүлэн хүргэх болно.

Эрх зүйн хувьд зөвхөн шинээр баригдсан, улсын комисс хүлээж авч буй барилгад дээрх стандартыг мөрдүүлэх шинжилгээг хийлгэх боломжтой ч гэртээ засвар хийсний дараа, хүүхдийн тань сургууль цэцэрлэг дээр барилгын материалаас гарч буй үнэр мэдэгдэхүйц хэмжээнд байвал шинжилгээ хийлгэх эрх хэн бүхэнд нээлттэй байна.