Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/02/19-НД НИЙТЛЭГДСЭН

СУДАЛГАА: Ахуйн хэрэглээний будгуудын 70% нь ХАР ТУГАЛГАНЫ агууламжтай гарчээ

А.Үлэмж, iKon.mn
2018 оны 2 сарын 19
iKon.MN
Зураг зураг

Хар тугалга гэх хорт металл нь хүний эрүүл мэнд болон байгаль орчинд хор хөнөөл учруулж байна.

Хар тугалганы бохирдолд бага хэмжээгээр өртөхөд хүний эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлж, архаг, хурц хордлого үүсгэдэг. Мөн мэдрэлийн, зүрх судасны, бөөрний, хоол боловсруулах, цусны эргэлтийн, нөхөн үржихүйн зэрэг олон эрхтэн системийг хордуулах нөлөө үзүүлдэг байна.

Хүрээлэн буй орчин хар тугалгаар бохирдох гол эх үүсвэр нь хар тугалга агуулсан бензин, будаг, хар тугалга ашигладаг үйлдвэрүүд, мөн хөрс хар тугалгаар бохирдох зэргээс болдог байна.

Хар тугалганы нөлөө нь хүний оюун ухаанд нэн хортой ба бага насны хүүхэд энэхүү хордлогод илүү мэдрэмтгий байдаг.  Хар тугалганы бохирдолд өртсөн хүүхдүүд оюуны чадамж муутай болж, түргэн ууртай, уцаартай болдог байна.

Бага насны хүүхдийн хар тугалганы бохирдолд өртөх гол эх үүсвэр нь барилгын материалын будаг юм. Насанд хүрсэн хүн голдуу мэргэжлээс шалтгаалсан хордлогод өртдөг бол хүүхдийн хордлогын үндсэн шалтгаан нь хар тугалгатай будагтай байранд амьдарч байгаатай холбоотой байдаг ажээ.

Тиймээс Зориг сангаас IPEN олон улсын байгууллагатай хамтран Монгол Улсад өргөнөөр хэрэглэгдэж буй ахуйн хэрэглээний будгуудад агуулагдах хар тугалганы хэмжээг тодорхойлсон судалгаа хийжээ. 

Өндөр хөгжилтэй орнуудад гэр, сургууль, хүүхдийн тоглох боломжтой бусад байгууламжуудын дотор болон гадна засал чимэглэлийн будагт агуулагдах хар тугалганы агууламжийг хянах хууль, дүрэм, журмууд 1970-1980-аад оноос батлагдаж даган мөрдөгдөж ирсэн байна.

Харин Монгол Улсад ахуйн хэрэглээний болон засал чимэглэлийн зориулалттай будагт агуулагдах хар тугалгыг хязгаарласан хууль тогтоомж одоогоор байхгүй.  Мэргэжлийн газрууд үүнд анхаарлаа хандуулж хар тугалганы агууламж өндөр будгуудын импортыг хориглох шаардлагатай байгааг тайланд дурджээ. Ингээд тус тайлангийн үр дүнг хүргэе.

Хамгийн өндөр хар тугалганы агууламжтай будаг нь БНХАУ-д үйлдвэрлэгджээ

Судалгааг хийхийн тулд 2017 оны 2-3 дугаар сард Зориг Сангийн хамт олон Улаанбаатар хотын 100 айл барилгын материалын төвөөс 56 лааз ахуйн хэрэглээний будаг худалдан авчээ. Тэдгээр нь 22 үйлдвэрлэгчийн 25 нэр төрлийн брэндийнх аж. Ихэвчлэн цагаан, улаан, улбар шар өнгийг сонгож хэрэглэсэн бөгөөд зөвхөн орон сууцны зориулалтаар ашиглах будгийг шинжилгээнд хамруулжээ.

  • Ингээд шинжилгээний үр дүнд 56 ахуйн хэрэглээний будгаас 39 буюу 70 хувь нь хар тугалганы агууламжтай гарчээ. Өөрөөр хэлбэл хар тугалганы хэмжээ 90 ppm-ээс дээш гарсан байна. /90 ppm олон улсад зөвшөөрөгдөх хар тугалганы хэмжээ/
  • Түүнчлэн 11 будагны хар тугалганы хэмжээ 10,000 ppm-с дээш гарсан нь онц аюултай, хэт өндөр хэмжээтэйд тооцогдож байна.
  • Хамгийн өндөр буюу 71,000 ppm хар тугалганы агууламжтай будаг нь БНХАУ-д үйлдвэрлэсэн шар лакан будаг байв.
  • 56 будагнаас зөвхөн нэг нь шошгон дээрээ хар тугалганы талаарх мэдээллийг бичсэн байжээ. Ихэнх будагны найрлагын мэдээлэл дээр "уусгагч, пигмент, давирхай" гэх зэрэг зүйл бичсэн байсан байна.
Шар, улбар шар, улаан будгууд хамгийн их хар тугалганы агууламжтай байв
 

Будагны өнгөний хувьд авч үзвэл 34 тод өнгийн будагнаас 28 нь 90 ppm-с өндөр хар тугалганы агууламжтай гарсан. Эдгээрээс 11 нь 10,000 ppm-с дээш буюу онц аюултайд тооцогджээ.

Судалгаанд 15 шар, 14 улаан, 3 улбар шар, 2 ногоон будаг ашиглажээ. Шар, улбар шар, улаан будгууд хамгийн их хар тугалганы агууламжтай байсан байна. Дараах графикаас харах боломжтой.

График

Дүгнэлт

Судалгаа нь хар тугалганы өндөр агууламжтай будаг Монголд өргөнөөр худалдаалагдаж буйг нотлон харууллаа. Монгол Улсад будаг үйлдвэрлэлийн салбар дутагдаж байна. Өнөөдөр зах зээл дээр зарагдаж буй ихэнх будаг нь БНХАУ болон Оросоос импортоор орж ирдэг байна.  Тиймээс Зориг сан болон IPEN дараах зөвлөмжийг гаргажээ.

  1. Монгол Улсын Засгийн газар 90 pm-ээс дээш хар тугалгын агууламжтай будгийг импортлох, борлуулах, ашиглахыг хориглосон журмыг нэн даруй батлах хэрэгтэй. 
  2. Импортын будаг нийлүүлэгч газрууд шошго дээр орц найрлагыг үнэн зөвөөр заавал бичиж байхыг Засгийн газар шаардах ёстой.
  3. Эрүүл мэндийн байгууллагууд болон бусад холбогдох газрууд хар тугалгын хор нөлөөг олон нийтэд байнга сануулж, урьдчилан сэргийлэх арга хэмжээг авч ажиллах хэрэгтэй.
  4. Худалдан авагч болон худалдаалж буй бүх оролцогч талууд хар тугалгатай будгийг хэрэглэхгүй байх тал дээр дэмжин ажиллах хэрэгтэй гэсэн зөвлөмжүүдийг гаргажээ.

 

Дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж үзнэ үү.