Уншиж байна ...

Ханын материалд баригдах 1,800 айлын орон сууцны барилгын 15 хувийг НОСК-д шилжүүлнэ

Д.Янжиндулам, ikon.mn
0 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн “Ханын материал” орчмын гэр хорооллыг дахин төлөвлөж, орон сууцжуулах төсөл хэрэгжиж буй. Уг төсөл нь нийт 3,000 айлын орон сууцыг барих төлөвлөлттэй бөгөөд хоёр үе шаттайгаар хэрэгжүүлэх гэнэ. Тодруулбал 12.6 га талбайд 2025-2027 онд, 8.4 га талбайд 2027-2028 онд орон сууц барина. Түүнчлэн улсын төсөвт 10 орчим тэрбум төгрөгийн татвар төвлөрөх тооцоолол гарчээ.

Төслийн явцын талаар "Эхний хэсэг болох Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хороонд байрлах 12.6 га талбайн газар чөлөөлөлтийн ажлыг Нийслэлийн зүгээс хариуцан зохион байгуулж байгаа"-г мэдээллээ. Уг бүсэд нийт 232 нэгж талбар байх бөгөөд кадастрын давхцалтай 19-ийг хасаж, 213 нэгж талбарыг чөлөөлөхөөр шийдвэрлэснээс өнөөдрийн байдлаар 209 нэгж талбарыг бүрэн чөлөөлжээ.

Төслийн гүйцэтгэгчээр “Материалимпэкс” ХХК ажиллаж, өөрийн хөрөнгөөр 1,800 айлын орон сууц барьж байгуулахаар төлөвлөжээ. Бүтээн байгуулалт дууссаны дараа нийт барилгын 15 хувийг “Нийслэлийн Орон Сууцны Корпорац”-д шилжүүлэх бөгөөд түүнийг тухайн бүсийн хоёрдугаар ээлжийн газар чөлөөлөлтийн ажилд зарцуулах аж. 

Одоогоор гүйцэтгэгч компани барилгын эскиз зураг батлуулах шатанд ажиллаж, Хот байгуулалт, хотын стандартын газрын мэргэжлийн зөвлөлийн хурлаас өгсөн хоёр чиглэлийг биелүүлж, дахин хүргүүлсний дараа зураг төсөл баталгаажих шатанд шилжих юм байна.